Брунейн нийслэл Бандар Сери Бегаван хотноо 5 дугаар сарын 22-25-нд болсон АСЕАН-ы Бүсийн чуулга (АРФ)-ын Ахлах албан тушаалтнуудын 2013 оны ээлжит уулзалтад Монгол Улсаас АСЕАН-ы дэргэд суух Байнгын төлөөлөгч, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Ц.Жамбалдорж, ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Ч.Баярмөнх нар оролцож, олон улсын болон бүс нутгийн өнөөгийн зарим тулгамдсан асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэд АСЕАН-ы 2013 оны дарга орон - Брунейн Гадаад хэрэг, худалдааны яамны Байнгын нарийн бичгийн дарга Дато Эриван Юсофтой уулзаж хоёр орны харилцаа, Монгол Улс АСЕАН-ы яриа хэлцээний түнш орон болох үйл явцыг урагшлуулах боломж, чиглэлийн талаар санал солилцлоо. Ирэх 7 дугаар сарын эхээр Брунейд болох АСЕАН-ы Сайд нарын уулзалт болон АРФ-ын сайд нарын уулзалтын үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд АСЕАН-ы гишүүн 10 орны Гадаад хэргийн сайд нартай “АСЕАН+Монгол” гэсэн тусгайлсан уулзалт арга хэмжээ зохион байгуулж Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болох Ази, Номхон далайн бүс нутагт явуулж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, нэн ялангуяа тус байгууллагын яриа хэлцээний түнш болох албан ёсны хүсэлтээ дахин илэрхийлэхийг зорьж буйг санал болгож АСЕАН-ы дарга орны хувьд бусад гишүүн орнуудад нөлөөлж, дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Байнгын нарийн бичгийн дарга Д.Эриван саналыг нааштай хүлээн авч АСЕАН-ы гишүүн орнуудын холбогдох албаны хүмүүстэй ярилцаж, тайлбарлахаа илэрхийллээ. Өнөөдөр АСЕАН-ы яриа хэлцээний 10 түнш орон, салбарын нэг түнш орон байгаа бөгөөд Монгол, Бангладеш, Шри Ланка, Аргентин, Чили, Бразил зэрэг хэд хэдэн орон тус байгууллагын түнш орон болох эрмэлзэлтэй байгаа ч цөөнгүй жил хориг тавьж ирсэн түншлэлээ нэмэгдүүлж, өргөжүүлэх асуудлыг зөвхөн бүх гишүүдийн нэгдсэн саналаар шийдэх журамтай юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.