Айлчлалын үеэр Уул уурхайн сайд Д.Ганхуяг Австралийн Холбооны Засгийн газрын Эрдэс баялаг, Эрчим хүчний сайд Гэри Грэй, тус яамны Эрдэс баялагийн газрын захирал хатагтай Таниа Констэбл зэрэг албаны хүмүүстэй уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулалтын орчинг тогтвортой болгох гээд олон сэдвээр санал солилцлоо. Австралийн тал Монгол Улсад хийх уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийлж цаашид уул уурхайн салбарын техник техинологи, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа, боловсон хүчин бэлтгэх, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар харилцан тохиролцов.
Түүнчлэн Уул уурхайн сайд Д.Ганхуяг Австрали улсын Шинэ Өмнөд Уэльс мужийн Уул уурхай, эрчим хүчний сайд Крис Хатчертэй уулзаж уул уурхайн үйлдвэрлэлд орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлж байгаль орчныг хамгаалах асуудлыг чухалчилж, компанийн сайн засаглалыг хөгжүүлэх талаар хамтран ажиллахаар боллоо. Австралийн муж улсууд уул уурхайн лиценз олголтонд давуу эрхтэй оролцдог бөгөөд айлчлалын хүрээнд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хэрхэн олгодог, хяналт тавьдагтай танилцаж цаашид хамтран ажиллахаар тохиролцлоо.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг Австрали Улсад хийсэн айлчлалын үеэр дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлдэг сургалт эрдэм шинжилгээний төв болох “New South Wales” их сургуулийн захиралтай уулзаж Монгол Улсын Уул уурхайн яам Шинэ Өмнөд Уэльс мужийн их сургуулийн хооронд байгуулах хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр тус их сургуульд уул геологи, уул уурхай болон бусад техникийн нарийн мэргэжлээр тус улсын техникийн хамтын ажиллагааны хүрээнд Австралийн талаас холбогдох зардлыг хариуцан богино, дунд хугацааны сургалт, судалгаа шинжилгээний ажлууд хийгдэх юм.
Айлчлалын үеэр Уул уурхайн сайд Австралийн Олон улсын хөгжлийн агентлагийн захирал П.Бакстертэй уулзаж Монгол Улсад хэрэгжүүлэх “Уул уурхайн хөгжил” хөтөлбөрийн хүрээнд хийгдэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо. 2013-2016 оны хооронд Австралын Засгийн газрын техникийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих дээрх хөтөлбөрөөр уул уурхайн салбарын бодлого боловсруулалт, захиргаа, хяналт, тус салбарын байгаль орчин нийгэмд үзүүлэх нөлөөг үнэлэхэд дэмжлэг үзүүлж, мэргэжилтнүүдийг бэлтгэх давтан сургахаар боллоо.
Энэхүү айлчлалын хүрээнд Уул уурхайн сайд ОҮИТБС Олон улсын бага хуралд оролцож байгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Шадар туслах, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирлын орлогч Ребека Гринспан, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга, Бундестагийн гишүүн хатагтай Гудрун Копп болон Австралийн Бизнес зөвлөл, Австралийн Эрдэс баялагийн зөвлөлийн гишүүдтэй тус тус уулзаж Монгол Улсын Засгийн газар олон улсын хамтын нийгэмлэгтэй цаашид хамтран ажиллах байр сууриа илэрхийлж, Хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах талаар харилцан санал солилцлоо.