logo
Ж.Энхбаяр: Ерөнхий сайдыг хоёр хөрш хүлээж авахгүй байна. Түүхэнд байгаагүй үзэгдэл шүү дээ

Ж.Энхбаяр: Ерөнхий сайдыг хоёр хөрш хүлээж авахгүй байна. Түүхэнд байгаагүй үзэгдэл шүү дээ

2013/05/28

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Танай намын бүлгээс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн тендерт дүүгээ оролцуулж, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл гаргасан хэмээн үзэж АТГ-т хандсан. Харин АТГ энэ асуудлыг  Нийслэлийн прокурорт шилжүүлсэн гэж байна? 
-МАН-ын бүлгээс Хууль зүйн сайд, Үндэсний аюулгүйн зөвлөлийн тэргүүн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон АТГ-т тус тус хандсан. Үүний дагуу холбогдох байгууллагууд хяналт шалгалт хийж байна гэдэг хариу өгсөн. АТГ энэ асуудлыг шалгаж үзээд Нийслэлийн прокурорт  өгсөн байна билээ. Цагдаагийн газар үүн дээр ажиллаж байна гэсэн мэдээллийг өгсөн. Бид одоо хүчний байгууллагуудаас гарах шийдвэр болоод дүгнэлтийг хүлээж байна.

-Та одоо ямар асуудал дээр голчлон ажиллаж байна? 
-Миний хувьд сонгууль дээр ажиллаж байна даа.

-Аль байнгын хороонд харъяалагдан ажиллаж байгаа вэ? 
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны Тусгай хяналтын дэд хороонд байна. Мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд харъяалагдан ажиллаж байна даа. Голлон ажиллаж байгаа ажил маань хилийн боомтын асуудал. Хилийн боомтын тухай хууль өргөн баригдсан байгаа. Түүн дээр гарсан ажлын хэсэгт орж ажиллаж байна.

-“Чингис” бондын асуудлыг МАН-ын бүлэг нэлээд шүүмжилж байгаа. Дэлхийн банкны мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар бонд төсвөөс гадна байж болохгүй гэж байсан. Үүн дээр бодолцох л хэрэгтэй юм шиг ээ? 
-Бонд бол өрийн бичиг шүү дээ. Дэлхий дахинд “Чингис хааны өрийн бичиг” нэрээр явж байна. Нэрнээс авахуулаад зохимж муутай байна л даа. Чингис гэдэг агуу хүн дэлхийн хэмжээнд мөнгө санхүүгийн асуудлыг шийдэж явснаас биш өр тавьж яваагүй. Үр хойч нь болсон бид тэр хүний нэрээр “Чингис өр” гээд гаргаад явж байгаа нь хаа хаанаа зохимжгүй байгаа юм. Хоёрдугаарт, УИХ олон нийтийн өмнөөс төсвийн зарцуулалтад хяналт тавих, зүйл заалтаар нэг бүрчлэн хянаж батлах үүрэгтэй шүү дээ.
Гэтэл төсвөөс гадуур гурван ч эх үүсвэр яваад байна. Нэгдүгээрт, Монголбанкнаас гаргаж байгаа Үнэ тогтворжуулалтын сангийн олон зуун тэрбум төгрөгийн асуудал. Хоёрдугаарт, Чингис өрийн 1,5 тэрбум ам.долларын бонд. Гуравдугаарт, Хөгжлийн банкны 600 орчим сая ам.долларын зарцуулалт улсын төсвөөс гадуур, УИХ-д хянагдахгүйгээр бие даасан хөрөнө оруулалтын хэмжээнд дүйцэхүйц хөрөнгө явж байгаа нь Монгол Улсын банк санхүүгийн салбарт туйлын хортой тусна гэж бодож байна. Эхний илрэлүүд санхүүгийн болон эдийн засгийн үзүүлэлтүүдэд анзаарагдаад эхэллээ. 2012 оны эдийн засгийн дүнгээр Монгол Улс түүхэнд үзээгүй 3,2 тэрбум ам.долларын гадаад худалдааны алдагдал хүлээлээ шүү дээ. Төсвийн алдагдал ДНБ-ний найман хувьд хүрсэн. Хэрэв Чингис бонд, Үнэ тогтворжуулалтын сангаа оруулбал арван хувьд хүрэхээр байна.

-Монгол Улсын эдийн засаг таны хэлж байгаа шиг тийм хүнд байдалд орчихоод байгаа юм уу?
-Сүүлийн 13 жилийн хугацаанд гараагүй төсвийн алдагдалд орсон. Төсвийн нэгдүгээр улирлын мэдээ харахад туйлын хангалтгүй. Төсвийн бүрдэлт тасарч байна. Зөвхөн цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээний зардал гаргаад хөрөнгө оруулалтын ажил хөдөө орон нутагт ерөнхийдөө зогссон. Эдийн засгийн болон улс төрийн томоохон бодлогын алдаа хийсэнтэй холбоотойгоор гадаад худалдаа болон  хөрөнгө оруулалтын ажил үндсэндээ зогслоо. Эдийн засгийн өндөр өсөлтийг үзүүлж байсан Монголын гайхамшиг гамшиг боллоо. Монголд орж ирж байсан хөрөнгө оруулалт гараад дууслаа. Геологи, уул уурхайн ажил ерөнхийдөө зогссон.
Барилгын салбарыг дагаад томоохон хүндрэл бий болсон. Үүнийг дагаад нийтийн болон худалдаа үйлчилгээний салбар хүндрээд эхэлсэн. Нүүрсний үнэ тасралтгүй унасан. Нөгөө 100 ам.долларыг шүүмжилж байсан бол 70, 50 ам.долларын хэмжээнд унаж байна шүү дээ. Хувийн хэвшлийнхэний хийх гэж байсан олон томоохон төслүүд, цахилгаан станц, төмөр зам бүгдийг зогсоосон. Тэр болгоныг төр өөрөө хийхээр оролдож байна. Нөгөө “Чингис” бондоос хийх гэж байна. Эдийн засгийн зохистой жам ёсны явж байсан ажлуудад хэт хөндлөнгийн оролцоо бий болсон. “Тогтвортой эдийн засгийн эрсдэлгүй” гэдэг үнэлгээг Монгол Улс авдаг байсан бол сонгуулиас хойш нэг жилийн дотор “Эдийн засгийн хувьд тогтворгүй” гэдэг үнэлгээ авч байна шүү дээ. Бид арав гаруй жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болгосон гадаад болон дотоод орчноо байхгүй болгочихлоо. Ийм л харамсалтай дүр зураг харагдаж байна даа.

-Одоогийн Засгийн газар таны ярьж байгаагаас огт өөр зүйл хэлж байгаа шүү дээ. Бүх зүйлийг өөдрөг сайхан байна гэдэг. Харин ч өмнөх Засгийн газрын алдаатай бодлогыг засах гэж хугацаа алдаж байна гэж хэлж байгаа шүү дээ? 
-Бурууг тохох яахав. Аливаа зүйл бодитой байх ёстой л доо. Бид эдийн засгийн өсөлтийг 2012 оны эхний хагас жилийн байдлаар 17 хувиар өссөн. Гадаад хөрөнгө оруулалтыг арван тэрбум ам.доллар болгоод, Хөгжлийн банк гэж байгуулаад дансанд нь 500 сая ам.доллар үлдээсэн шүү дээ. Тэр амжилтууд жилийн эцэст нурж унасан. Одоо ч үргэлжлээд явж байна. Мөнгөний ханш дээр харахад жилийн өмнө 1200 байсан монгол төгрөг болон америк долларын харьцаа 1400 рүү явлаа шүү дээ. Тэр хэмэээгээр монгол төгрөгийн ханш унаж байна. Монголбанк асар их цаасан мөнгө хэвлэн нийлүүлж байна. Эдийн засгийн томоохон цохилтууд ирэх намар гүнзгийрэх байх гэсэн ерөнхий дүр зураг гарч байна даа.

-Та бүгдийн энэ санал, шүүмлэлийг эрх баригч хүчин хэрхэн хүлээж авч байгаа вэ? 
-Бид үүргээ биелүүлж байгаа. УИХ-д цөөнх гэдэг ардчиллын хамгийн том илэрхийлэл шүү дээ. Олонхи нь эрхээ барьдаг. Цөөнх нь хяналт тавьж шүүмжилдэг. Бид хяналт тавих үүргээ биелүүлж,  “Улс төр болоод гадаад бодлогын том алдаанууд явж байна. Эдийн засгийг элгээр нь хэвтүүллээ. төрийн алба хүндэрсэн. Энэ явуулж байгаа бодлогоо эргэж хараач” гэдэг дохио сигналуудыг цаг тухайд нь өгч байгаа шүү дээ.

-Танай бүлгийн зүгээс хэлж байгаа энэ дохио, сигналуудыг эрх баригч хүчин хэтэрхий улстөржиж байна гэж үзэж байгаа шүү дээ? 
-Бодит тоонууд гараад л байна шүү дээ. Хөрөнгө оруулалт унаж байна. Томоохон төсөл бүгд зогсчихсон. Хотын А зэрэглэлд баригдаж байсан барилгууд бүгд зогссон. Захын аймгуудад үнийг хөөрөгдөл  их байна. Зүй зохисгүй, дур зоргоор авирладаг асуудал хэм хэмжээнээс хэтэрлээ шүү дээ. Төрийн албыг үнэхээр завхаруулж дууслаа. Бүхнийг үнэхээр эрх мэдлээр далайлгаж, аймшигтай дарангуйллын үнэр үнэртсэн зүйл хийгээд байна шүү дээ эд нар. Хууль хамаагүй болж байна. Ёс төр, дүрэм журам, уламжлал байхгүй болчихжээ. Бид нэг л хийрхсэн, ардчилал гэж цээжээ дэлдсэн хүмүүс л байна даа. Үнэхээр ардчиллын үнэт зүйлд улстөржилт биш хийрхсэн ардчилал гай тарьж байна. Удахгүй бид хийрхсэн ардчиллаас жинхэнэ ардчиллаа аврах цаг ирэх байх. Монгол Улсад олон улсын томоохон хурлууд боллоо. Хоёр том хөрш маань ирсэнгүй. Энэ бол асар том улс төрийн алдаа шүү дээ. Олон улсын хуралд хоёр хөрш нь ирж чадахгүй хэмжээнд бодлого нь зөрчилтэй болсон. Манай Ерөнхий сайдыг хоёр хөрш хүлээж авахгүй байна. Монголын түүхэнд байгаагүй зүйл шүү дээ.

-Тэгэхээр Ерөнхий сайд зөв голчтой, сайн ажиллаж чадахгүй байна гэсэн үг үү? 
-Аливаа улс төрийн лидер, ялангуяа намын дарга, Ерөнхий сайд хүн  хэлж байгаа үг, хийж байгаа ажлынхаа үр дагаврыг харж, тооцоолж мэдсэн байх ёстой. Эцсийн үр дүнг нь тооцоолж чаддаг байвал тэр  хүн лидер. Харин санаанд орсноо бодлогогүй ярьдаг нь улс төрийн удирдагчийн хэв шинж яав ч биш.

-Тэгээд яах ёстой юм бэ?
-Бид асуудлаа гаргаж тавина. Ардчилсан нам дотроо дүгнэлтээ хийх байх гэж бодож байна. Бодит байдал дээр эдийн засаг хүндрэх нь гэдгийг хаа хаанаа анхаарч бэлтгэл хангах хэрэгтэй л дээ. Мэдээж ширүүн цохилт ирнэ. Үүнийг даван туулах том ажил бидэнд дахиад л ирнэ. Дор дороо бэлтгэл хангах хэрэгтэй. Үндэсний үйлдвэрлэлийн хүчин чадал хангалтгүй сул байгаа. Төсвийн бодлогын тэлэлт, замбараагүй, дэс дараагүй, фракци дагаж хуваарилсан, бодлогогүй ажлууд төсвийг үнэхээр хайр гамгүй үрж байна даа. Дэндүү үрэлгэн загнаж байна.
Хар өдөр хүндрэл ирэхэд бид нөөцөлсөн хөрөнгө байхгүй. Гадна талд нөхцөл байдал хүнд байгааг мэдэхгүй байна уу, эсвэл мэдчихээд хамаагүй гэж үзэж байна уу санаа зовмоор зүйлүүд анзаарагдаж байна даа. Энэ Засгийн газрыг үнэхээр хариуцлагагүй, муу ажилласан гэж үзнэ. Монгол залуус маань Солонгос явахаа болчихсон байсан.  Гадаадад сурсан оюутнууд нутгаа зорьдог болчихсон байсан шүү дээ. Эцсийн эцэст улс төр огтхон ч сонин биш. Муур хар байна уу, цагаан байна уу хулгана барих ёстой. Манайд муур хар, цагаан байх нь сонин юм шиг байна. Тэр муур хулгана барих нь огт сонин биш. Муурны л хар цагааныг яриад байдаг. Тэр муур хулганаа л барих хэрэгтэй шүү дээ.  Харамсалтай нь нийгэм маш хүчтэй хагарч байна даа. Үзэл бодлоор хуваагдаж байна. Бие биенээ үзэн ядаад л. Цөөхөн монголчууд шүү дээ. Юу л болоод байна даа гэж бодогдох юм.

У.САРАНГЭРЭЛ
Эх сурвалж:  INFO.MN

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш