logo
“Голомт” банк дампуурлаа зарлах уу

“Голомт” банк дампуурлаа зарлах уу

2013/05/28
Монголын арилжааны томоохон банкууд болох “Анод”, “Зоос” банк 2005, 2006 онуудад ээлж дараалан дампуурлаа зарлаж, түүний ул мөр одоо ч арилаагүй байна. “Анод” банкны хувьд 1200 гаруй хадгаламж болон хувьцаа эзэмшигчээ хохироосон ч маргаан эцэслэн шийдэгдээгүй шүүхийн шатандаа яваа юм. Дампуурлаа зарласнаас хойш 7-8 жилийн хугацаа өнгөрсөн ч асуудал нь нэг мөр шийдээгүй атал дахин араас нь манай улсын өмнөө барьдаг томоохон арилжааны банкны нэг болох “Голомт” банкинд асуудал үүссэн талаар шуугиж эхлээд байна.

“Голомт” банкны үүсгэн байгуулагч бөгөөд хувьцаа эзэмшигч Л.Болдын өмгөөлөгч З.Сүхбаатар Монголбанкны Ерөнхийлөгчид хандан мэдэгдэл хүргүүлсэн нь санхүү, эдийн засгийн салбарынхны хувьд ихээхэн анхаарал хандуулахад хүргэлээ. Тус мэдэгдэлдээ “Банкны тухай хуулийн 43 дугаар зүйлийн заалтыг удирдлага болгон “Голомт” банкиндаа нэгдсэн шалгалт оруулах, улмаар мөн хуулийн 46 дугаар зүйлд заасан “банкны гүйцэтгэх удирдлагыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, чөлөөлөх“  зэрэг холбогдох албадлагын арга хэмжээ авах асуудлыг банкны үүсгэн байгуулагчийн зүгээс Монголбанкинд хандсан нь гайхаширлыг төрүүлээд байна. Банкны 80 гаруй хувийг эзэмшигч, үүсгэн байгуулагч Лу.Болдын зүгээс өөрийн банкиндаа хяналт шалгалт оруулах хүсэлтийг төв банкинд явуулсан нь түүнийг “эрүүл үү” гэх хүмүүс ч байгаа юм.

Түүнчлэн Л.Болдын өмгөөлөгч мэдэгдэлдээ “Банкны тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар, банк, түүний толгой болон хараат, охин компаниуд санхүүгийн тайлангаа аудитын байгууллагаар баталгаажуулж, Монголбанкинд хүргүүлэх ёстой. Гэтэл “Голомт” банкны  гүйцэтгэх удирдлага, тухайлбал, тодорхой ажил хариуцсан дэд захирал, газар, албадын дарга нар  аудиторын шаардсан баримт, материалыг гаргаж өгөхөөс татгалзах, нуун дарагдуулсан зэргээс болж тус банкинд аудит хийсэн “Эрнст энд Янг” олон улсын аудитын байгууллага “Дүгнэлт гарахаас татгалзсан” хариу өгсөн байна. Улмаар тус банк одоог хүртэл 2012 оныхоо тайланг аудитаар оруулаагүй байгаа бөгөөд хуулиар тогтоогдсон хугацаанаас өнөөдрийн байдлаар 2 сараар хоцруулаад байна” хэмээн маш ноцтой мэдээллийг хариуцлагтайгаар мэдэгдсэн нь “Голомт” банк ганхахад хүрч болзошгүй гэж ажиглагчид харж байна. Лу.Болдын өмгөөлөгчийн мэдэгдэлдээ дурьдаснаар  тус банк 2012 оныхоо тайланг аудитаар оруулаагүй байгаа нь санхүүгийн хувьд доголдолтой, банкны үйл ажиллагаанд зөрчилдөөн байхыг үгүйсгэхгүй юм.

Нөгөөтэйгүүр Банкны захирал ийнхүү өөрийн банкиндаа хяналт шалгалт явуулах хүсэлт хүргүүлсэн нь томоохон шалтгаантай гэж үзэж байна. Учир нь тус банкны Гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигч хийгээд ТУЗ-ийнхний хороонд томоохон зөрчилдөөн үүссэнтэй холбоотойгоор ийнхүү Монголбанкинд хандах болсон гэдэг нь тодорхой болоод буй юм.

“Голомт” банкны одоогийн гүйцэтгэх удирдлагын зарим хүмүүст ТУЗ болон хувьцаа эзэмшигчид итгэлгүй байгаа ба тэднийг өөрийн банкиндаа хууль бус халдлага хийх,  харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх, ашиг сонирхол, эд хөрөнгийг  хамгаалах, гарч болзошгүй ноцтой хор хохирол учруулж болзошгүй гэж хардаж буй ажээ.

Иймээс компанийн гол хувьцаа эзэмшигчидийн зүгээс Монголбанкинд хандаж, Гүйцэтгэх удирдлагаар ажиллаж буй нэр бүхий хүмүүсийг чөлөөлөх, банкны үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулах хүсэлтээ илэрхийлсэн гэж ойрын эх сурвалж мэдээлж байна.

“Голомт” банкны удирдлаг хоорондын зөрчилдөөн нь банкны ирээдүйд муугаар нөлөөлөх, санхүүгийн чадамжид нөлөөлж болзошгүй ажээ. Сүүлийн өдрүүдэд хэвлэлээр “Голомт банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж байна” гэсэн мессежийг тус банкны удирдлага болоод төрийн зүгээс нисгэж эхлээд байна.

Монгол банкны Хяналт шалгалтын газрын захирал Д.Ганбатын хэлсэнчлэн  “Асуудлын гол нь тус банкны томоохон хувь нийлүүлэгч компанийн эздийн хооронд үл ойлголцол, дотоод зөрчил үүссэн байж болзошгүй бөгөөд энэ нь тухайн банкны хадгаламж эзэмшигч, харилцагчдад аливаа нэгэн сөрөг үр дагавар үүсгэхгүй гэж үзэж байна” хэмээн мэдэгдсэн юм. Хариуцлагатай албан тушаалтны мэдэгдэж буйгаар ийнхүү тус банкны удирдлага хооронд зөрчилдөөн үүссэнийг нотлож буй. Гэхдээ энэ зөрчилдөөн банкны үйл ажиллагаанд нөлөөлөхгүй, банк дампуурахгүй гэсэн баталгаа биш гэдгийг мэргэжилтнүүд онцолж буй юм. Тэгэхээр “Голомт” банкны удирдлагуудын хооронд зөрчилдөөн үүссэн нь банкны цаашдын ирээдүйд муугаар нөлөөлөхгүй байх баталгаа алга байгаа юм.

Т.Түвшин 
Эх сурвалж: dursamj.mn

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш