Баянгол дүүргийн II хороо Төмөр замын дээд сургуулийн хойд талд байрлах дулааны гол хоёр шугам өчигдөр хагарч, их хэмжээний халуун ус алдсан байна. Халуун ус алдагдсанаас болж тус дээд сургуулийн зүүн талын зам битүү ууранд автан, харагдах орчин үзэгдэхгүй болсны дээр түүгээр явган зорчигчид явах боломжгүй халуун усанд түлэгдэж болзошгүй аюултай нөхцөл үүссэн аж.
“Улаанбаатар дулааны сүлжээ” компаниас тодруулахад “Дээрх дулааны шугамыг өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд засаж янзалсан. Өчигдөр бат бэхийн шалгалт хийхэд шугам хагарч халуун ус алдсан. Хүчтэй даралтын улмаас их хэмжээний ус асгарсан байна. Тиймээс иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс орон сууцны хэрэглээний халуун усны температурыг 30-40 градус хүртэл багасгасан байгаа” гэсэн хариулт өгсөн юм.