logo
Үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх асуудлаар хуралдаж байна

Үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх асуудлаар хуралдаж байна

2013/05/29
Варшав хотноо энэ сарын 27-29-нд болж буй үй олноор хөнөөх зэвсгийг “Үл дэлгэрүүлэх аюулгүй байдлын санаачилга”-ын Өндөр түвшний улс төрийн уулзалтад Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Сүүлийн жилүүдэд үй олноор хөнөөх зэвсэг, түүнийг зөөвөрлөх хэрэгсэл, эд ангийн хууль бус наймаа газар авах болсон ба үүнтэй хийх тэмцлийг эрчимжүүлэх, энэ чиглэлээрх олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх шаардлага улам бүр тулгарсаар байгаа юм.

Үл дэлгэрүүлэх аюулгүй байдлын санаачилга (ҮДАБС)-ыг 2003 оны 5 дугаар сарын 31-нд тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Буш Польшийн Ерөнхийлөгч Квасневскитэй хамтран Польшийн Краков хотноо дэвшүүлж байсан бөгөөд үүнд анх АНУ, Австрали, Герман, ИБУИНВУ, Испани, Нидерланд, Польш, Португаль, Франц, Япон зэрэг 11 улс  нэгдэн орсон бол эдүгээ оролцогч орны тоо 102-т хүрээд байна.

ҮДАБС-ын 10 жилийн ойд зориулсан Өндөр түвшний улс төрийн энэхүү уулзалтад Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг үг хэлсэн ба тэрбээр хэлсэн үгэндээ Монгол Улс уг санаачилгыг тууштай дэмжиж, түүний хүрээнд бусад улстай идэвхтэй хамтран ажиллаж ирснийг онцлон тэмдэглэв.

Тухайлбал, цөмийн болон цацрагт идэвхт бусад материалын хууль бус наймаанаас сэргийлэх талаар хамтран ажиллах тухай Санамж бичгийг АНУ-тай 2007 оны 10 дугаар сард байгуулсан ба энэхүү Санамж бичгийн дагуу АНУ-аас цөмийн болон цацрагт идэвхт бусад материалыг илрүүлэх 10 сая гаруй ам.долларын өртөг бүхий тоног төхөөрөмж, материалыг Монгол Улсад нийлүүлж, тэдгээрийг ашиглах, засч сэлбэхэд манай мэргэжилтнүүдийг сургаж байгаа юм. Мөн 2007 оны 10 дугаар сард байгуулсан Үй олноор хөнөөх зэвсэг, түүнийг зөөвөрлөх систем, холбогдох материалыг далайд дэлгэрүүлэхийг хориглох талаар хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд монгол-америкийн танхимын сургалтыг Улаанбаатар хотноо 2011 оны 2 дугаар сард хамтран зохион байгуулсан байна.

Өндөр түвшний улс төрийн уулзалтаас Үндэсний байгууллагуудын үйл ажиллагааг бэхжүүлэх, Стратегийн харилцаа холбоог өргөжүүлэх, Эрчимтэй санаачилга гаргах явдлыг хангах, Таслан зогсоох чадавхи, туршлагыг бэхжүүлэх тухай дөрвөн хамтарсан мэдэгдлийг гаргах юм.

Манай төлөөлөгчид уулзалтын үеэр зарим орны төлөөлөгчидтэй уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон байна. Тухайлбал, Филиппиний төлөөлөгч саяхан Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан АОХН-ийн Сайд нарын 7 дугаар бага хурлын үр дүнг өндрөөр үнэлж, түүний мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээнд идэвхтэй оролцоход бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш