logo
Амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрөөдөг бидэнд орны хэрэгслийн чанар хамгийн чухал

Амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрөөдөг бидэнд орны хэрэгслийн чанар хамгийн чухал

2011/08/13
Дэр, хөнжил, орны даавуу худалдаж авахдаа бид эрүүл мэндийнхээ нэгээхэн хэсгийг худалдан авч байдаг билээ. Ерөөсөө хүн амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрөөдөг. Тэгэхээр хүний хамгийн их хэрэглэдэг зүйл нь дэр, хөнжил, орны даавуу. Тийм учраас нарийн сонголт хийх хэрэг гарч байна. Орны даавууг сонгохдоо чанар сайтай боловч нэг их үнэтэй бишийг олох нь чухал. Зарим комплект орны даавуунууд таны дэр, хөнжил юм уу матрасанд хэмжээгээрээ тохирохгүй байж мэднэ.

Ялангуяа дэр төрөл бүрийн хэлбэр хэмжээтэй болсон учраас дэрний даавууг заавал шалгаж үзэх хэрэгтэй. Материалын тухайд хөвөн даавуун материалтай бол хамгийн тохь тухтай гэж үздэг. Учир нь матрас дээрээс гулгахгүйн зэрэгцээ өнгө будаг нь тод, угааж индүүдэхэд ч хялбар. Ялангуяа орчин цагийн үрчийдэггүй хөвөн даавуу бол бүр сайн. Угаасны дараа ч үрчийдэггүй. Цуу ямбуу гэж бас бий. Энэ нь 100 хувийн хөвөнгөөр хийгдсэн байдаг. Их бөх учраас удаан хэрэглэнэ. Гэхдээ тэмтэрч үзвэл ширүүн. Түүнээсээ болоод үнэ хямд.

Сүүлийн үед сатинаар хийсэн орны даавуу их хэрэглэх болжээ. Энэ нь хөвөн утсыг давхар эрчилж зангидсан бүтэцтэй даавуу юм. Эрчлээс чанга байхын хэрээр даавуу илүү хурц тод өнгөтэй болж торгонд ойртдог. Хөвөн даавуунаас үнэтэй бөгөөд бас үзэмжтэй, илүү удаан эдэлгээтэй. Торгон ба торгомсог даавуугаар хийсэн орны даавуунууд байдаг. Биед их зөөлөн, эдэлгээ удаан. Гэхдээ амархан үрчийх, бөөрөнхий үүсэх, бие дээр тогтохгүй гулгах зэрэг муу талуудтай. Маалинга даавуун хэрэглэлүүд бий. Энэ нь экологийн цэвэр бүтээгдэхүүн юм. Эрүүл мэндэд тун сайн. Сул тал нь индүүдэх бараг боломжгүй.

Чанар
Чанартай орны даавууг оёдлоор нь таньдаг. Бүх оёос нь ил биш зөвхөн дотор талдаа байх ёстой. Та даавууны шошгыг сайн харж байгаарай. Хаана хэзээ үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй даавуу авах хэрэггүй. Мөн эргээд шаардлага тавих боломжгүй газраас орны хэрэгсэл бүү аваарай. Иймэрхүү даавуунууд удаан эдэлгээгүй өнгө будаг нь урсдаг, арьсанд харшил өгөх зэрэг муу нөлөөтэй байдаг. Бас агшдаг даавуу тун элбэг. Тиймээс техник технологийн хөгжил сайтай улс орны баталгаат бүтээгдэхүүнийг Монголдоо нэр хүнд бүхий тийм дэлгүүрээс авах хэрэгтэй.

Мода
Орны даавуу өнөөдөр хоёр талаасаа зураг хээтэй болжээ. Аль ч талаар нь эргүүлж хэрэглэж болно. Орны хэрэглэлийн дизайн яг хувцас шиг мода хөөх болсон. Цулгай юмуу эсвэл хурц өнгөтэй даавууг сонгож байгаарай. Өнгө будаг тун бүдэг, нүдэнд анзаарагдамгүй байх тусам авах хэрэггүй.

Бүтээлэг
Бүтээлэг ба хөнжлүүд нь дулаан байхын хажуугаар агаар сайн нэвтрүүлдэг байх ёстой. Хөвөн, ноосон ба өдөн хөнжлүүд дээрх шаардлагыг хангадаг. Хөнжлийн бүрээс даавуу нягтрал ихтэй байх тусам сайн гэж үзнэ. Өдөн хөнжил бусдаас дулаан, хөнгөн, уян налархай байдаг. Гэтэл чийг авахдаа хурдан ба харшил өгөх аюултай. Өдөн хөнжил дөрвөлжин оёостой байх тусмаа чанартай гэж үздэг. Ноосон хөнжил ялангуяа тэмээний ноосон хөнжил биеийн дулааныг маш сайн барьдаг.

Мөн биеийн хөлсийг өөртөө шингээж дараа нь ууршуулдаг байна. Синтетик материалтай хөнжил хөнгөн бөгөөд тохилог. Синтепон бол хамгийн шилдэг материалтайд тооцогдоно. Ийм хөнжил дулаан хадгалахын зэрэгцээ агаар нэвтрүүлэх чанараараа тэргүүлдэг байна. Харин хүмүүсийн олон арван жилийн турш хэрэглэж ирсэн хөвөн хөнжлүүд хүндийн зэрэгцээ чийг их авдаг учраас одоо хэрэглэхээ больжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш