Хятадад муу усны сувгаар урсаж байсан нялх хүүхдийг аварсан хэрэг дэлхийн нийтийг цочроохын зэрэгцээ анхаарлыг маш их татаж байсан. Хамгийн сүүлд ирүүлсэн мэдээгээр хүүхдээ урсгасан ээж хийсэн хэрэгтээ маш ихээр харамсаж байгаагаа хэлжээ. Тус улсын холбогдох албаны хүмүүс нялх хүүхдийн эцэг эхийг олтлоо Жиньхуа хотод болсон уг хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй гэж байсан юм. Тэгвэл хүүхдийн ээжийг орон нутгийн цагдаагийн ажилтнууд илрүүлэн саатуулсан байна. Гэхдээ энэ ээжид хуулийн дагуу гэмт хэрэг үүсгэж шийтгэх үү үгүй юу гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Хятадын Вейбо сайтад бичсэнээр нялх хүүхдийн ээж маш ихээр харамсаж байгаа, хэргийн мөрдлөг үргэлжилж байна гэсэн мэдээлэл бичсэн байна. Хүүхдийн биеийн байдал одоогоор сайжирсан, инкубаторт унтаж байгаа зураг нь сайтууд дээр тавигдсан байна. Зарим нэг эх сурвалжийн дамжуулж байгаагаар орон даяар шууд цацагдсан аврах ажиллагааг хүүхдийн ээж өөрийн нүдээр хараад зогсож байсан байна. Дөрөвдүгээр давхрын бохир усны хоолойноос уйлах чимээ сонсогдсон гэх оршин суугчдын дуудлагаар амьд үлдэж чадсан нялх хүүхдэд сайн сайхныг хүссэн захидал, өлгий, сүү зэрэг сайхан сэтгэлтэй хүмүүсийн бэлэг өнөөг хүртэл ирсээр байгаа юм байна. Энэ хүүхдийн төлөө залбирч, өргөж авах хүсэлтэй хүмүүс ч хүсэлт тавиад байгаа ажээ.