logo
Зөнгөө л дага

Зөнгөө л дага

2013/05/30
Хүн  угтаа хөг л юм. Хөгөө иймд эгшиглүүл. Эгшиглүүлж хөглө, хөглөж эгшиглүүл. Зөнгөө дагаж зөв эгшиглэ. Зөгнөж эгшиглэ, эгшиглэж зөгнө. 
Хүн  биологийн оршихуй төдий биш.  Тэр  бүтээгч оюунтай, мөнхийн амин сүнстэй. Биологи ч хэлбэлзэл, оюун бодол ч хэлбэлзэл, амин сүнс ч хэлбэлзэл. Тэр  хэлбэлзэж эрчимжсэн хөг, хөгжиж хэлбэлзсэн эрчим. Хүн  хөгөөрөө  ижилсэж,  хөгжсөөр л  оноошино.  Хөг, хэлбэлзэл, эрчим ингэж л хүний ижилсэх  ч чанар, бас ялгагдах ч чансаа болно. Иймд хөгөө  арвилж  зөнгөө л хөгжүүл.
 Авсан мэдээлэл  тань  хуурмаг.  Эзэмшсэн мэдлэг тань  явцуу. Олсон итгэл тань  хазгай. Эргэцүүлэл бодол тань ядмаг. Иймээс мэдээлэлд бүү хуурт,  мэдлэгт бүү бард, итгэлд бүү хөтлөгд, бодолд бүү  бурантлагд. Гагцхүү харин хөгөө арчилж зөнгөө л мэдэр.  
Хуурмагжсан мэдээлэл, гажисан  итгэл, болхижсон бодол, явцуурсан мэдлэгээр шийдэл бүү хий. Сонголтыг бүр ч бүү хий.  Их л алдаж мэднэ.  Дүнд нь өөрөө ч их гундаж, өрөөлийг  ч бас гандааж мэднэ. Алдахыг эс хүсвэл иймд зөнгөө л дага. Тэр л  ононо.
Хөгөө гамна. Хөгөө арчил. Хөгөө хөгжүүл. Хөгөө арвижуул. Хөгжүүлж  түүнийг эгшиглүүл. Чингэвээс, үйлс тань ариун, үг тань үнэн,  үйл тань зөв болно. Бас  өөрөө ч алдахгүй хөгжинө.  Улс тань  ч алзахгүй дэвжинэ. Иймд хөгөө л эгшиглүүл. Бүр зөгнөж эгшиглүүл.


Ц.Лувсандорж
Ц. Мөнхжаргал
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш