logo
Гоц мөргөсөн наадам

Гоц мөргөсөн наадам

2011/08/13
Онигоочин Тэгшээ нэг даваад унадагтай адил миний найз Анхаа олон жил ноцолдсон ч хоёрын даваанаас хэтэрдэггүй байсан юм. Харин тэр жил одтой сайхан барилдаж бүр Ганаатай хамт үзүүрт үлдсэн гээч. Уг нь Ганаа Анхаа хоёр улсын цол авах бөх биш л дээ. Хөөрхөн уран барилдаантай хэдий ч даацтай мэх сураагүй золиг байгаа юм. Тэгээд бас их зантай дасгалжуулагчгүй, бэлтгэл ч хийхгүй барилдна гээд байдаг дутагдалтай хүн л дээ. Аймагт бол анги ш дээ. Улсын наадам бол улсын л наадам.

Хэдийгээр заалны барилдаан байсан ч тэгж сайн барилдсанд нь бид баярлаж, хөөр, хөөрцөг болцгоов.

Мэдээж хэрэг мөнгөн шагнал ирэлгүй яах вэ. Бид л болсон хойно Анхааг үзүүрлэснийг тэмдэглэж нэлээд сайн наргилаа. Тарах үед Анхааг дагаж явах хүсэлтэй хүмүүс их байв. Мэдээж шүү дээ Анхаагаас илүү мөнгө нь татаж байсан юм. Гэтэл Анхаа маань алга болчихсон байв. Ууганаа:

-Машинаа ирж авах байлгүй хэмээгээд кабинд ороод суудлы нь налаад тухлах маягтай боллоо. Эргэж харвал Энхээ хүүхдийг нь тэвэрчихсэн,

-Хүүхдээ ирж авах байлгүй гээд зогсож байв. Би дотроо “Энэ хоёртой хамт зогсоод яах юм. Тэрний оронд гэрийнх нь үүдэнд хүлээе. Гэртээ ирж л таараа” гэж бодоод харих замыг нь тослоо. Цаг боллоо байдаггүй. Хоёр, гурван цаг, орой боллоо ирсэнгүй. Би буруу тооцлоо Энхээ, Ууганаа хоёр Анхаатай нийлээд явчихаж гэсэн хар хөдлөөд эргэж гүйсээр ирэв. Тэр хоёр ч хөдлөөгүй яг байсандаа. Бид гурвын хэн нь ч Анхаагийн барааг олж хараагүй аж.

-Анхаа ирээгүй юу гэж Ууганаагаас асуувал,
-Ирээгүй л байна, арай машинаа хачихаж байгаа юм биш биз дээ?
-Машин яах вэ, хүүхдээ авмаар юм аа гэж Энхээ хажуунаас дуугарав. Гэнэт миний утас хангиналаа. -Байна хэн бэ?
-Би Гооёо байна. Та нар хаа байна? Би Анхаагийн авгайтай хамт байна гэх сонсогдов. Анхаагийн мөнгийг авгай нь аваад явчихсан бөгөөд хүүхэд, Анхаа хоёроо мартсан аж. Харин Анхаа мөнгөө хөөцөлдөөд машин хүүхэд хоёроо мартжээ. Бид гурваас илүү гүйлгээ ухаантай юм болохоор Гооёо мөнгө дагаад явсан гэдгийг дөнгөж сая л ойлгов. Ингэж л бид гурав гоц мөргөсөн юм даа.

Д.Жаргалсайхан
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш