logo
Хүүхэд бүхэнд ээлтэй хотыг бий болгоно гэлээ

Хүүхэд бүхэнд ээлтэй хотыг бий болгоно гэлээ

2013/06/03
“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах” өдрийг монгол эх орон даяар ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жил НЗДТГ, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас хамтран “Дэлхийн байгаль орчны өдөр”-тэй хамтатган Хүүхэд нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, хүүхдэд журамт үүргийг нь таниулан сурталчлах, байгль орчныг хайрлан хамгаалах үүрэг, хариуцлагыг ухамсарлуулах зорилгоор “Ногоон дэлхий манай гэр бүлээс эхтэй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Нийслэлийн 9 дүүрэг, хороо бүр дээр баярын арга хэмжээ зохион байгуулж байгаа бол баярын нэгдсэн үйл ажиллагаа Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Баярын арга хэмжээнд НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат, Ц.Буяндалай, Ц.Энхцэнгэл болон бусад албаны хүмүүс оролцлоо. Нэгдсэн арга хэмжээг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “ Энэ ертөнцийн хамгийн сайхан баяр бол Эх үрсийн баяр. Энэ өдөр хүүхэд бүхэн инээмсэглэж, хорвоо дэлхийд гэрэл гэгээ гийж байна. Монголынхоо, нийслэлийнхээ хүүхэд бүрт баярын мэндийг хүргэж, хүүхэд бүрт ээлтэй, тэдний хүсэж мөрөөдсөн шиг тийм л хотыг бий болгохын тулд ах эгч нар нь ажиллаж байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Өглөө Клиникийн 1-р амаржих газарт очиж нийслэлийнхээ шинэ иргэдэд хүндэтгэл үзүүлсэн. Монгол эх оронд шинэ иргэнийг төрүүлсэн нийт ээжүүддээ халуун баяр хүргэж, талархал илэрхийлье. Монголын үрс маш олон болох болтугай” гэж онцлон хэллээ. Энэ үеэр 2000 хүүхэд  Flash Mob хийж үе тэнгийн найз нөхөд, ах эгч нартаа бэлэг барьж, “Байгалаар гоёдог миний гэр бүл” хүүхдийн хөтөлбөрийг бяцхан хүүхдүүддээ толилууллаа. Сүхбаатарын талбай дээр хүрэлцэн ирсэн бяцхан хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангахаар СБД-ийн Цагдаагийн хэлтэс, НОБГ, Түргэн тусламжийн газрын бие бүрэлдэхүүн ажиллаж байна. Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас худалдаа, үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл авсан 17 аж ахуйн нэгж иргэдэд үйлчилж, Сүхбаатарын талбайн 5 цэгт био ОО-ыг байрлуулжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш