Нийслэл хотын түүхэн гэж онцлох цөөн барилгын нэг нь Богд хааны ордон музей юм. Оросын III Николай хаанаас VIII Богдод бэлэглэсэн барилгын зураг төслөөр 1905 онд бариулсан уг ордон олон жилийн түүхтэй түүхийн өв билээ.
Уг ордондоо Богд хаан хатан Дондогдуламтайгаа 20 гаруй жил амьдарсан нь түүхэнд тэмлэгдэн үлдсэн байдаг. Гэтэл Богд хааны ордон музейн Махранзын сүмийн дээвэр нураад байна. Дээвэр нурсан шалтгаан нь өнгөрсөн өдрүүдэд орсон бороо гэж ордон музейн ажилчид хэлж байгаа. Түүнчлэн музейн арчлалт, засварын ажилд мөнгө бага төсөвлөдөг нь түүхийн үнэтэй дурсгалд аюул учруулаад байгааг онцолж байна. 1961 оноос хойш энэ музейн барилгад их засвар хийгээгүй байна. Олигтойхон арчилж тордолгүй 52 жил болсон болохоор энд тэндээ будаг, шавар нь ховхорч, халцраад цаанаа л гундуухан харагдах болсон.
Ордныг сэргээн засах багц ажлын зураг өнгөрсөн жил гарсан ч өнөөдрийг хүртэл ямар нэг ажил эхлээгүй байгаа юм. Өнгөрсөн жил мэргэжлийн хяналтынхан өвлийн ордныг яаралтай сэргээн засварлах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргажээ. Гэтэл дорвитой ажил хийлгүй явсаар өнөөдрийн байдалд хүрчээ.
“Ямар ч барилга байгууламжид ус чийг нэвтрэх ёсгүй шүү дээ. Тэр тусмаа музейд. Гэтэл Богд хааны ордон музейн дээвэр саяхан цуурчихлаа. Энэ ордны дээвэр ваар учраас доргиож болдоггүй. Даруйхан арга хэмжээ авахгүй бол цас, борооны ус нэвтрээд музей дотор дусаал гоожих вий гэж санаа зовж сууна” хэмээн тус музейн захирал О.Мэндсайхан онцолсон. Хэрэв дорвитой ажил хийлгүй явсаар нэг л өдөр цас, бороо орж дусаал гоожвол хариуцлагыг нь хэн хүлээх вэ?
Монгол Улс нэгэн цагт богд хаантай байсан. Үүнийг гэрчлэх цөөхөн баримт өдгөө бидэнд үлдсэний нэг нь Богдын ногоон ордон буюу Богд хааны ордон музей юм. Төр, шашныг хослон баригч богд хааны ордон ногоон, цагаан, шар, зуны гэсэн дөрвөн ордонтой байсан ч өдгөө түүнээс хоёр нь л үлджээ. Удалгүй үлдсэн хоёр ордон ч үгүй болохгыг үгүйсгэх аргагүй.
Бид ирээдүй хойчдоо түүхийн үнэт өв болсон газруудыг өвлүүлэн үлдээж, эх түүхээ танин мэдэж, цаашид хайрлан хамгаалах сэтгэлийг өвлүүлэх үүрэгтэй билээ. Ийнхүү биднийг гараа хумин суух зуур Монголын хаан, VIII богдын амьдарч байсан ордон нурж, эх түүхийн гэрч болсон нэгэн үнэт өв үгүй болохвий дээ. Энэхүү ногоон ордныг 1926 оноос музей болгосон байдаг. Анхны байгууламжуудаас зарим нь үлдээгүй байна. Тиймээс өнөөг хүртэл оршиж ирсэн цөөн хэдэн байгууламжийг нь арчилж хамгаалан, ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх нь бидний үүрэг биш гэж үү?
Биднийг манжийн дарлалаас гарахад чухал үүрэг гүйцэтгэж, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд уриалагсдын нэг VIII Богд хааныхаа үүх түүх, түүнээс үлдсэн соёлын өьд нь ингэж хамаагүй хандаж, болохгүй биш үү? Музей бол өнгөрснийг өгүүлэх, ирээдүйд өвлүүлэх тийм л үнэн басхүү үнэт зүйл билээ.
Эх сурвалж: dorgio.mn