Соёлын бодлогыг шинэлэг байдлаар, ард иргэдэд мэдрэгдэхүйц ил тод, нээлттэй, эрчимтэй хэрэгжүүлж эхлэх урьдач таатай нөхцөл болсон юм. Улс эх орны нэрийг дэлхийд гаргадаг соёл урлагийн салбарыг бие даасан бүтцээр хөгжүүлж, монгол брэнд гэсэн нэрийн хуудсыг бий болгох, салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, соёлын өвийг хамгаалах, хууль бусаар гадаадад гаргасан соёлын өвөө эх орондоо эргүүлэн авчрах, материаллаг бүтээн байгуулалтыг өрнүүлэх асуудлыг Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт түлхүү тусган хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж буй аж.
Соёлын өвийн төвийн зориулалтын шинэ барилгыг ирэх онд ашиглалтад оруулж, тус төвийг шинэ тоног төхөөрөмж, техник хэрэгслээр ханган, “Соёлын өвийн бүртгэл-судалгааны үндэсний төв”, “Соёлын өвийг сэргээн засварлах урлан” байгуулан өргөтгөж ажиллуулах бэлтгэл хангаж байгаа гэнэ. Энэ онд Гандантэгчинлэн хийдийн өргөтгөл болон 31 сумд Соёлын төвийн барилгыг шинээр барьж ашиглалтад оруулна.
Ойрын жилүүдэд нийслэл Улаанбаатар хотод Байгалийн түүхийн музейн барилга, лаборатори, Үндэсний урлагийн ордон, Үндэсний номын сан, Хүүхэд, залуучуудын театр, Хүүхэлдэйн театр, Хүүхдийн номын ордон, Хүүхдийн кино театр, “Бөмбөгөр ногоон” тайзны урлагийн хүрээлэн болон нийт аймгийн төвд орчин үеийн стандарттай шинэ кино театр, 7 аймагт театр, чуулгын барилга, аймгуудад номын сан, музей, орон нутаг сурталчлах танхим, сүм хийд, сум, багийн Соёлын төв зэрэг 600 гаруй обьектыг шинээр барих, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах, хуучныг засварлах урьдчилсан төлөвлөгөө боловсруулагдаад байгаа аж.
Эдгээрийн дотор Хэнтий аймагт Чингис хааны дурсгалын цогцолбор, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт “Их майдар” цогцолбор, Археологи, палеонтологийн болон Хүннүгийн музей, ХХ зууны галерей, Хүүхдийн ордон, Чингис хааны ордон бүхий “Нүүдэлчдийн соёлын төв” цогцолбор, Дундговь аймагт Үлэг гүрвэлийн музей, парк, Баруун аймагт Баруун бүсийн соёлын өвийн төвбарьж байгуулах, Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Их бурхант цогцолбор дурсгалыг сэргээн засварлах зэрэг томоохон барилга байгууламж багтаж байгаа юм.
Улс орны түүх соёлын өвөрмөц онцлог, нүүр царайг дэлхий нийтэд таниулж, нэрийн хуудас нь болж байдаг соёл урлагийн салбарын бүх шатны 821 байгууллага, 6400 гаруй ажилтан, мянга мянган ардын авьяастан, урчууд, төрийн бус байгууллагууд манайд байна.
Соёл спорт аялал жуулчлалын яам