logo
Монголыг хөлдөөж байж нүүрсний үнийг чөлөөлөх үү

Монголыг хөлдөөж байж нүүрсний үнийг чөлөөлөх үү

2011/08/16
Нүүрсний үнийг чөлөөлснөөр дулаан цахилгаан үнийг өсгөж, ард түмний амьдралд хүндээр тусна. Мэдээж бухимдал үүсэх нь  эргэлзээгүй. Түр зуурын энэ хямралаас эмээж Засгийн газар нүүрсний үнийг барьсаар ирлээ. Одоогоор манайд төрийн өмчит  “Багануур”, “Шарын гол”, “Адуунчулуун”,  хувийн хэвшлийн  “Шивээ-Овоо” зэрэг  уурхайгаас Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Дорноговь  аймгийн цахилгаан станцууд жилд тав орчим сая тонн нүүрс авч хэрэглэж байгаа. Гэр хорооллын айл өрх, зарим албан байгууллагыг оролцуулбал хоёр сая тонн, нийтдээ долоон сая тонн нүүрс хэрэглэдэг.
Эрчим хүчний үнийг бага байлгах нь үе үеийн Засгийн газар улс төрчдийн бодлого байсаар ирсэн. Өөрөөр хэлбэл эрчим хүчний хэрэглээний үнэ тухайн Засгийн газрын үед өсвөл намын, цаашлаад улс төрчдийн нэр хүндэд муугаар нөлөөлж дараагийн сонгуульд амжилт гаргахад нь садаа болдог байна. “Багануур”-ын нүүрсний уурхайгаас нэг тонн  нүүрс олборлоход 22 мянган төгрөгийн зардал гарч байхад цахилгаан станцууд 18 мянган төгрөгөөр авдаг. Үндсэн худалдан авагч нь төр. Уурхайнууд 2006 онд баталсан  аргачлалаар үнээ тогтоох ёстой. Гэтэл энэхүү аргачлалаа мөрдөхөө байжээ. ЭБЭХЯ сайд Д.Зоригт “2005 оноос одоог хүртэл нүүрсний үнийг 75 хувиар нэмээд байгаа. Гэсэн хэдий ч энэ нь хаа хаанаа алдагдалгүй ажиллах нөхцлийг бүрдүүлэхгүй байна. Нүүрсний үнийг нэмлээ гэхэд огцом өсөлтөөс болж гарах сөрөг үр дагаварыг бодох хэрэгтэй.  Гэхдээ 70, 100  хувиар нэмэх нь чухал биш өнөөдөр бодит байдал ямар байна гэдэг л чухал” гэжээ. Дулаан, цахилгааны үнийг нэмж  иргэдийн  нуруун дээр ачаалал үүрүүлэхгүй гэсээр байтал үүнээс илүүтэй алдагдлыг уурхайчид хүлээх ёстой  болж байна. 2000 гаруй уурхайчдын бүтээгдэхүүнийг өөрийн өртгөөс нь доогуур үнээр авч хэрэглэсээр байтал уурхай жил бүр нэг тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна гэж “Нүүрс” ассоциацийн ерөнхийлөгч Наран хэлсэн.

Арван жилийн хугацааны нийт өр 150 тэрбумд хүрчээ
Ингэж алдагдал нь зузаарсаар, уурхай техникээ шинэчилж чадахгүй, уурхайчдын цалинг тавьж чадахгүй, тухтай амьдрах нөхцөл үгүй, санхүүгийн суурьгүй болжээ. “Ард түмний нуруун дээрх ачааг яагаад уурхайчид үүрэх ёстой юм бэ” гэж  “Багануур”-ын уурхайн дарга Д.Дашпэлжээ хэллээ. Асуудлын гол нь Засгийн газар уурхайчдаас нүүрсийг нь зах зээлийн бодит үнээр худалдаж авдаггүйл байгаа юм. Үнийг чөлөөлөөгүйгээс социализмын үеийн эрүүл бус эдийн засгийн тогтолцоо уурхайнуудыг хүнд байдалд оруулаад байна. “Нүүрс” Ассоциацийн ерөнхийлөгч Наран “ Нүүрсний үнийг чөлөөлөхгүй бол ирэх өвөл хөлдөж мэднэ. Дулааны хангалт алдагдаж улс орон аюулт байдалд орно. Онцгой байдал үүснэ. Цахилгааны үнэ арван төгрөгөөр нэмэгдсэнээс илүүтэй хохирол амсана” гэлээ. Өнгөрсөн өвлийг арай ядан өнгөрөөсөн.Энэ өвлийг ингэж өнгөрөөнө гэхэд давахгүй хэмээн мэргэжлийн хүмүүс сануулсаар. Техник технологи өр авлагаас болоод уурхай болон цахилгаан станцууд нам зогсч Монгол Улс хөлдвөл уурхайчид хариуцлагыг хүлээхгүй гэдгийг онцолсон. Засгийн газар шат дараатайгаар нүүрсний үнийг нэмж 2013 он гэхэд нүүрсний үнийг чөлөөлнө гэсэн асуудлыг тавьж байгаа. 2013 оныг хүлээж чадалгүй уурхайнууд хаалгаа барих болоод байгааг тэд сануулсаар байна.

Ирэх жил 100-150 тэрбум шаардлагатай
Багануурын уурхай  22 мянга, Шивээ-Овоо 16 мянга, Шарын гол 28 мянган төгрөг, “Адуунчулууны уурхай” 12000 төгрөгөөр нүүрсээр борлуулвал алдагдалгүй байх тооцоо гаргасан байна. Эхлээд аажмаар үе шаттайгаар нэмээд дараа нь уурхайд ашиг үлдээдэг болгоё. Ийм зарчмаар нүүрсний үнийг чөлөөлөх ёстой гэж Уул уурхайн үндэсний ассоциациасийн ерөнхийлөгч Д.Дамба ярьсан. “Багануур” ХХК-ийг  хувьчлахаар Төрийн өмчийн хороо бэлтгэж байгааг Д.Сугар дарга хэлсэн. Нүүрсний үнээ нэмж, уурхайгаа дэмжих, улмаар эрчим хүчний системээ өөрчлөх цаг ирснийг мэргэжилтнүүд ярьж байна. Шатахууны үнэ огцом өсөхөд бараг машин унах хүнгүй л болно гээд байсан. Одоо машинаа унаж л байна. Үнэ чөлөөлснөөр  зах зээлийн горимд ороход хоёр удаа савладаг. Тэгээд үнэ тогтворждог. “Өнгөрсөн оны сүүлээр Шарынгол, Багануур, Адуунчулууны уурхай 1997 оноос хойш 1-2  тэрбум, Бага-Нуур, Шивээ-Овоо уурхайд 100 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээс нааш сэхэхгүй. Таван жилийн өмнө энэ асуудалд хандсан бол 30 тэрбумаар шийдчих байв. Ирэх жил 130-150 тэрбумаас наашгүй болно”  салбарын эдийн засагчид тайлбарлажээ.  Нүүрс ассоциасаас УИХ-ын гишүүн, Засгийн газар, яамдад нүүрсний үнийг чөлөөлөх талаар санал хүсэлтээ удаа дараа тавьсаар иржээ. Уурхайд эдийн засгийн тооцоолол хийдэг чадвартай боловсон хүчин олон боловч  тэдний  дэвшүүлсэн техник эдийн засгийн тооцоолол батлагдахгүй, дэмжигддэггүй учир салбараа орхих явдал гарч байгаа аж.  УИХын зарим гишүүд уурхайн ТУЗ буруутай гэж үздэг аж.
Ц.Мягмарбаяр
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш