logo
Дэлхийн байгаль орчны өдрийг “Бодъё–Хэрэглэе–Хэмнэе” уриан доор тэмдэглэлээ

Дэлхийн байгаль орчны өдрийг “Бодъё–Хэрэглэе–Хэмнэе” уриан доор тэмдэглэлээ

2013/06/06
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Дэлхийн байгаль орчны өдрийг  анх удаа Монгол Улсад зохион байгуулж байгаатай холбогдуулан Гадаад харилцааны сайд Л.Болд, БОНХ-ийн сайд С.Оюун, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал А.Штайнер нар энэ сарын 5-нд ГХЯ-нд хэвлэлийн бага хурал хийлээ.

Байгаль орчноор амьсгалж, “Бодъё–Хэрэглэе–Хэмнэе” уриан доор тэмдэглэж буй эдгээр өдрүүдэд манай улс Ногоон хөгжлийн асуудлаарх үндэсний чуулга уулзалт, Сэргээгдэх эрчим хүч, уул уурхайн асуудлаарх хэлэлцүүлэг, хүүхэд залуучуудад зориулсан цогц арга хэмжээ зэргийг зохион байгуулсан нь томоохон хэвлэл мэдээллийн агентлагуудаар дамжуулан дэлхий нийтэд улс орныхоо түүх, уламжлалт соёл, байгаль хамгаалах зан үйл, ёс заншлыг сурталчилсан үйл явдал боллоо.

Мөн, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал А.Штайнер, Япон улсын байгаль орчны дэд сайд зэрэг өндөр албан тушаалтан Монгол Улсад хүрэлцэн ирж, манай улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдтэй уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар тодорхой асуудлуудыг тохиролцсон юм.

Мөн энэ үеэр НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс санаачилсан PAGE (Partnership for Action on Green Development) буюу “Ногоон эдийн засгийн төлөөх үйл ажиллагааны түншлэл” шинэ хөтөлбөрийн түншлэгч анхны 7 улсын нэгээр Монгол Улсыг сонгосныг албан ёсоор зарлалаа. Ингэснээр  НҮБ-аас ирэх 7 жилийн турш ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд манай улсад тусламж дэмжлэг үзүүлэх юм.

Тухайлбал ногоон эдийн засагт чиглэсэн ажлын байр бий болгох, байгаль орчин, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй технологийг монгол хөрсөнд нутагшуулах, ногоон хөгжлийн чиглэлээр ур чадвартай хүний нөөц бэлтгэх зэрэг олон чиглэлээр НҮБ, түүний төрөлжсөн байгууллага, төсөл, хөтөлбөрүүд, гадаадын хөгжингүй улсуудаас дэмжлэг тусламж авах боломж бололцоо нээгдэж байгаа хэмээн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд хэвлэлийн бага хурлын үеэр онцолсон юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш