logo
Чуулганы нэгдсэн хуралдаанаар товлосон асуудлаа хэлэлцэж дуусгалаа

Чуулганы нэгдсэн хуралдаанаар товлосон асуудлаа хэлэлцэж дуусгалаа

2013/06/07
Улсын Их Хурлын чуулганы пүрэв гарагийн /2013.06.06/ нэгдсэн хуралдаанаар эхлээд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон тэдгээрийг дагалдаж гарсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов.

   Дараа нь “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хийж, улмаар холбогдох Байнгын хорооны саналын дагуу түүнийг баталлаа.

   Холбогдох хуульд зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Засгийн газрын гишүүнтэй адил байхаар заасан, мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг төрийн өндөр албан тушаалтны зэрэг, зиндаа, түүнтэй адилтгах албан тушаалтны зэрэглэлд хамаарахаар заасныг харгалзан ийнхүү “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай “ тогтоолын хавсралтад нэмэлт оруулж байгаа аж.

 Дараа нь Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэлийг Зам, тээврийн сайд А.Гансүх, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа нар танилцуулав.

   Импортоор оруулж ирэх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний стандартын шаардлага хангасан 24 буюу түүнээс дээш суудалтай, 45 буюу түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, үйлдвэрлэснээс хойш 1 хүртэл жилийн доторх шинэ автобус, троллейбусыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай болон хуулийн дагаж мөрдөх хугацааг 2016 оны 12 дугаар сарын 31 хүртэл тогтоохоор хуулийн төсөлд тусгагджээ. Ингэснээр төсөвт дарамт үүсэхгүй, төрөөс энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийг дэмжсэн, нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэх, нийгмийн захиалгат үйлчилгээг хэвийн явуулах, агаарын бохирдол болон замын хөдөлгөөний түгжрэлийг багасгах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах боломж нэмэгдэхээс гадна энэ салбарт дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах чухал арга хэмжээ болно гэж хууль санаачлагчид үзэж байна. Уг хуулийн төсөлтэй уялдуулж “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

   Төсөл санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт тавьж, хариулт авав. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг бусад хуулиудтай уялдуулж цогцоор нь яагаад оруулж ирэхгүй байгаа, нэмэгдсэн өртгийн албан татварын босгыг нэмэгдүүлэх асуудлыг хэдийд хэлэлцүүлэх, татвараас чөлөөлөх нь автобус, троллейбусны үнэ болон парк шинэчлэлд хэрхэн нөлөөлөх, сургуулийн хүүхдийн автобусыг дээрх татвараас чөлөөлөх эсэх, хувийн хэвшлийнхэнд паркаа шинэчлэх сонирхлыг бий болгох талаар ямар бодлого баримталж байгаа, өмнө нь татвараас чөлөөлснөөр ямар үр ашиг гарсан талаар тооцоо судалгаа байгаа эсэх зэрэг асуулт тавьж хариулт авав.

   Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар уг хууль болон тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.
  Мөн өдрийн хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүнийг гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж байгаа технологийн тоног төхөөрөмж, сэлбэг болон тусгай зориулалтын барилгын материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхтэй холбогдуулан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг танилцуулав.

  Үйлдвэрийн технологийн тоног төхөөрөмж, түүний сэлбэг, тусгай зориулалтын барилгын материалыг импортлоход гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх замаар татварын таатай орчин бүрдүүлж өгөх нь газрын тосны бүтээгдэхүүний импортыг орлох дотоодын үйлдвэрийг барьж байгуулан, импортын хараат байдлаас гарахад томоохон түлхэц болно гэж хууль санаачлагчид үзэж байгаа бөгөөд ингэснээр нийт хөрөнгө оруулалтын хэмжээг 10-15 хувиар бууруулах боломжтой гэсэн тооцоо гаргажээ. Дотооддоо түлш шатахуунаа үйлдвэрлэн дотоодын хэрэгцээгээ хангаснаар түлш шатахууны импортод зориулан гадагш урсаж байгаа мөнгөн урсгалыг дотооддоо эргэлтэд оруулах, ингэснээр гадаад худалдааны алдагдлыг бууруулах, түлш шатахууны хомсдол, үнийн хэлбэлзлээс хамгаалах, улс орны эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, газрын тосны бүтээгдэхүүнийг экспортлогч орон болох үндсэн нөхцөл бүрдэх аж.

   Хууль санаачлагчийн илтгэл болон Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдийн тавьсан асуултын гол нь албан татвараас чөлөөлөх шаардлага байгаа эсэх, чөлөөлөх болсон үндэслэл, энэ нь төсөвт хэрхэн нөлөөлөх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжсэн татварын ямар бодлого баримталж байгаа, нэмэгдсэн өртгийн албан татварын босгыг өндөрсгөх талаар Улсын Их Хурлын зарим гишүүдийн санаачлан боловсруулсан нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхтэй холбоотой хуулийн төслийг хэдийд хэлэлцэх, төрөөс технологийг худалдаж авах, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг нь төсөл хэрэгжсэний дараа урамшуулал хэлбэрээр эргүүлж нөхөн олгох боломж байгаа эсэхтэй холбоотой байв.

  Хэлэлцэж буй асуудалтай холбоотой Улсын Их Хурлын гишүүд саналаа илэрхийлэхдээ, татвар, түүний дотор гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын бодлогод анхаарал хандуулах шаардлагатай байгааг тэмдэглээд төр тодорхой ямар салбар, үйлдвэрлэлийг татварын бодлогоор дэмжих талаар хөтөлбөр баталж гаргах, улстөржихгүйгээр татварын зөв бодлого баримтлах, хувийн хэвшлийнхний эрсдэлгүйгээр хийж буй ажлыг нь төр авч өөртөө нэмэгдэл ачаа үүрэх хандлага ажиглагдаж байгаа, үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагааг дэмжсэн татварын таатай эрх зүйн бодлого баримтлах зэрэгт анхаарлаа хандуулав.

  Газрын тосны бүтээгдэхүүнийг газрын тос, занар болон нүүрснээс үйлдвэрлэлийн аргаар гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж байгаа технологийн тоног төхөөрөмж, сэлбэг болон тусгай зориулалтын барилгын материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

  Үүний дараа Импортоор оруулж байгаа бүрэн ба хагас боловсруулалт хийсэн модон эд анги, бэлдэц, төрөл бүрийн модлог хавтан, модон хуулга, хуудсан материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Хуулийн төсөлд ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа бөөрөнхий мод, гуалин, модон зүсмэл материал, бүрэн ба хагас боловсруулалт хийсэн модон эд анги, бэлдэц, модлог хавтан, модон хуулга, хуудсан материалыг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр тусгагджээ.

  Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат нар танилцуулсан юм.

  Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан импортоор оруулж ирж буй болон дотооддоо үйлдвэрлэж буй модны үнэ өртөгийн харьцаа, өрсөлдөхуйц боломж, модны мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны санхүүжилт, түлшний модны хэрэгцээ нэмэгдэж буйтай холбогдуулан энэ асуудлыг хэрхэн зохицуулах, мод экспортлох, дахин экспортлоход тавигдах хяналтын тогтолцоо ямар байгаа, татвар бууруулах, квот тогтоох талаар харилцагч орнуудтай гэрээ хэлэлцээ хийгдэж буй эсэх талаар Улсын Их Хурлын гишүүд асуулт тавьж хариулт явав.

  Татвараас ийнхүү чөлөөлж, хөнгөлж буй талаарх шүүмжлэлийг эсэргүүцэж зарим гишүүн татварын хатуу бодлого баримтлах ёстой хэдий ч бизнес эрхлэгчдийг татварын уян хатан бодлогоор дэмжих нь зүйтэй гэсэн саналыг илэрхийлж байв.

  Ингээд хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

  Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар мөн Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэхүү хуулийн төсөл нь ойг хамгаалах талаар иргэд, байгаль хамгаалагчийн эрх, үүрэг, хариуцлагыг сайжруулахад чиглэсэн бөгөөд ойн мэргэжлийн байгууллага, хамт олон, орон нутгийн иргэд болон байгаль орчны төрийн бус байгууллагаар хэлэлцүүлж, тэдний саналыг тусгасан байна. Төсөлд ахуйн хэрэгцээнд зориулж түлээ бэлтгэх зэрэг эрхийн бичгийг байгаль хамгаалагч олгох замаар төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулсан зохицуулалт хийжээ. Мөн ойд тооллого хийх ажлыг олон улсын жишигт дүйцүүлэн хийх эрх зүйн орчныг бүрдүүлсний зэрэгцээ өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж ойн түймэр, хөнөөлт шавьжтай тэмцсэн тохиолдолд төрөөс урамшуулах асуудлыг тусгажээ.

  Эл хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг Улсын Их Хурлын гишүүд дэмжсэнээр чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

   Үдээс хойш Улсын Их Хурлын зарим Байнгын хороод хуралдана гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш