УИХ-ын гишүүн Д.Зоригт тойрогтоо буюу Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, мөн Хархорин сумдад 2013 оны 5-р сарын 31-ээс 6-р сарын 01-ний өдрүүдэд ажиллалаа. Тэрээр нутгийн удирдлагуудтай уулзан нутаг орны зун зуншлагатай танилцахын сацуу 2013 оны аймаг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, түүгээр хийгдэх ажлууд, 2014-2016 оны төсвийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн талаар мөн цаг үеийн тулгамдсан асуудлуудыг ярилцаж, шийдвэрлэх гарц зэргээр санал бодлоо хуваалцлаа. Энэхүү уулзалтын үеэр аймгийн засаг дарга Д.Тогтохсүрэн Д.Зоригт гишүүнд хандан “Тангаргаа өргөж УИХ дахь Өвөрхангай аймгийн төлөөллийн суудалдаа суусанд баяр хүргээд, цаашдын 4 жилд хамтарч ажиллах тухайгаа онцлохын зэрэгцээ өнгөрсөн 4 жилд орон нутгийн төсөв санхүү, хөрөнгө оруулалттай холбоотой асуудлууд дээр үргэлж сэтгэл гарган ажиллаж, бусад Өвөрхангайн гишүүдтэй хамтран асуудлуудыг нааштай үр дүнтэйгээр шийдэж ирсэн” гэдгийг онцгойлон дурдаж байв. Энэ уулзалтын үеэр Өвөрхангай аймгийн орон нутгийн “Арвайхээр чөлөөт суваг” болон “Хас” телевизүүд мэдээ бэлтгэн сонирхсон асуултдаа хариулт авч байсан юм. Аймгийн засаг дарга Д.Тогтохсүрэн мөн яриандаа “2013 оны МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил манай аймагт хэвийн явагдаж байгааг дурьдаад сонгуулийн үйл ажиллагааг зөв, ёс зүйтэй зохион байгуулахад анхаарч ажиллана” гэдгээ хэлж байлаа.
Хархорин суманд
2013 оны 6-р сарын 1-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд ажиллалаа. Сум орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийж, мөн 2013 оны төсвийн хөрөнгө оруулалт, цаашид Хархорин суманд хийгдэхээр төлөвлөгдөж байгаа ажил, бүтээн байгуулалтуудыг ярилцаж, өмнөх 4 жилийн хөрөнгө оруулалт, түүгээр хийгдсэн ажлуудыг дүгнэсэн яриа өрнүүлж ажил хэрэгч уулзалт болов. Хархорин сум бол Өвөрхангай аймгийн төдийгүй улсын хэмжээнд чухал сум юм. Аялал жуулчлалын салбарын томоохон түшиц газар болоод зогсохгүй сүүлийн жилүүдэд эрдэмтдийн нээн илрүүлж байгаа археологийн үнэт олдворуудын өлгий нутаг юм. Гадаадаас ирсэн жуулчдын нүдийг хужирлахуйц музей Хархорин суманд баригдаж үйл ажиллагаагаа явуулаад удаагүй байгаатай очиж танилцлаа. Мөн эл өдөр Хархорин сумын өсвөрийн Хөлбөмбөгийн баг тамирчдын аварга шалгаруулах тэмцээн тохиож УИХ-ын гишүүн Д.Зоригт, Хархорин сумын Засаг дарга Л.Энхбат, орлогч дарга Л.Ганбат, Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч дарга М.Мөнхбаяр нарын хамт очиж аваргын төлөөх финалын тоглолтуудыг нь үзэж хүүхэд багачууд, тамирчдад урам хайрлалаа. Энэхүү тэмцээнд нийт 52 баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн нь Хархорин суманд өсвөрийн хөлбөмбөгийн спорт чамгүй сайн хөгжиж байгааг илтгэж байсан юм. Ингээд эртний нийслэл Хархорин сумаас энэ удаагийн тойрогтоо ажилласан томилолт өндөрлөсөн юм.
Н.Лхагвасүрэн