Токио хотын Кокүгикан сүмогийн ордноо өнгөрсөн сарын 12-26-нд үргэлжилсэн Нацү башёгийн 15 дахь өдрийн барилдаанд Хакухо, Харумафүжи Д.Бямбадоржийг давснаар есөн башёд уналгүй түрүүлсэн дээд амжилтаа ахиулсан байна.
Эх орондоо тав хоногийн чөлөөтэй ирсэн Их аварга Хакухо М.Даваажаргал Өвөрхангай аймгийн Хархорин, Нарийнтээл суманд цагаан будаа тарих ажил эхлүүлсэн байна. Тэрбээр энэ талаар УИХ-ын даргад сонирхуулж цагаан будаа тарих ажилд өнгөрсөн өдрүүдэд оролцсон гэдгээ хэлж байсан. Энэ ажлыг эхлүүлэхийн тулд Японы Хокайдо мужид монгол ажилтнуудыг сургажээ. Японы дээрх мужийн цаг агаар манай улстай ойролцоо учраас хүйтэнд тэсвэртэй цагаан будааны тариалалт амжилттай болно гэж итгэж байгаагаа Хакухо ярьж байлаа. Эл ажлыг УИХ-ын дарга мөн дэмжиж Япон руу сургалтад жил бүр 2 хүн хамруулж улмаар Халхын голд цагаан будааны тариалалт мөн эхлүүлж болоход сайн туршлага байна гэж сайшааж байв.
Их аварга М.Даваажаргал 25 түрүүнийхээ аравт нь нэг ч уналгүй, тус бүр 15 давж түрүүлсэн цорын ганц сүмочоор тодорсон юм байна. Харин энэ башёг тэргүүлж байсан Кисеносато 14 дэх өдрийн барилдаанд Их аварга Хакухо-д унасан бол сүүлийн өдөр Котошогикү-д ёритаоши мэхээр унаж 13 даваа хоёр унаатай Нацу башёг өндөрлөжээ.
Энэ башёд монгол сүмочдоос Харумафүжи Д.Бямбадорж 11 даваа, дөрвөн унаатай, Какурюү М.Ананд, Токитэнкү А.Хүчитбаатар нар 10 даваа, таван унаатай дуусгасан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.