logo
Үдээс хойш /2013.06.06/ Төсвийн байнгын хороо хуралдлаа

Үдээс хойш /2013.06.06/ Төсвийн байнгын хороо хуралдлаа

2013/06/07

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2013.06.06/ хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын, Газрын тосны бүтээгдэхүүнийг гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж байгаа технологийн тоног төхөөрөмж, сэлбэг болон тусгай зориулалтын барилгын материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхтэй холбогдуулан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед гишүүд Зам, тээврийн сайд А.Гансүх танилцуулга хийлээ.УИХ-ын гишүүд асуулт асуулт хариулт авсны дараа УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Хаянхярваа, С.Ганбаатар, Д.Эрдэнэбат нарын ирүүлсэн саналын томъёоллыг нэг бүрчлэн хэлэлцэн санал хураалт явуулж саналууд дэмжигдлээ.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа гаргасан зарчмын зөрүүтэй саналын Төслийн 1 дүгээр зүйлийн 3 хүртэл жилийн доторх, 1 дүгээр зүйлийн хүснэгтийн гурав хүртэл жилийн доторх гэж өөрчлөх томъёоллоо татан авлаа.

Импортоор оруулж ирэх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний стандартын шаардлага хангасан үйлдвэрлэснээс хойш 1 хүртэл жилийн доторх шинэ автобус, троллейбусыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай болон хуулийн дагаж мөрдөх хугацааг 2016 оны 12 дугаар сарын 31 хүртэл тогтоохоор хуулийн төсөлд тусгагджээ.

Дараа нь. Газрын тосны бүтээгдэхүүнийг гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж байгаа технологийн тоног төхөөрөмж, сэлбэг болон тусгай зориулалтын барилгын материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг Хуулийн төслийг Гаалийн албан татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай гэсэн 2 тусдаа хуулийн төсөл болгон өөрчлөсөнөө танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр Татвараас чөлөөлөгдөх хугацаа, хөнгөлтөнд хамрагдсанаар хичнээн төгрөг орлогоос хасагдах нь тодорхой байх ёстой гэсэн байр суурьтай байлаа. Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан татварын шинэчлэлийн бодлогоор аль болох Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхгүй байх чиглэл барьж байгаа гэлээ.

Мөн Импортоор оруулж байгаа бүрэн ба хагас боловсруулалт хийсэн модон эд анги, бэлдэц, төрөл бүрийн модлог хавтан, модон хуулга, хуудсан материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай асуудлын анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун Хууль батлагдсанаар дотооддоо нойтон мод огтлохгүй, цөөрөөд байгаа ойн модоо хамгаалахыг онцоллоо.

Хуулийн төсөлд ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа бөөрөнхий мод, гуалин, модон зүсмэл материал, бүрэн ба хагас боловсруулалт хийсэн модон эд анги, бэлдэц, модлог хавтан, модон хуулга, хуудсан материалыг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр тусгагджээ.

Татвараар яг юуг чөлөөлж, хөнгөлж байгаа талаар тодорхой заахыг гишүүд хэлэлцлээ.

Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгийг хийж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж нэгдсэн чуулганы хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг дэмжлээ

гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш