logo
“Ахмадын орон сууц” хөтөлбөрийг сонгон шалгаруулалтаар хэрэгжүүлнэ

“Ахмадын орон сууц” хөтөлбөрийг сонгон шалгаруулалтаар хэрэгжүүлнэ

2013/06/07
“Ахмадын орон сууц” хөтөлбөрийг НИТХ-аас нийгмийн онцгой эмзэг бүлгийн иргэдэд олгохоор баталсан билээ. Одоогоор нийслэлийн таван  байршилд “Ахмадын түрээсийн орон сууц”-ны хотхон барихаар төлөвлөж байгаа бөгөөд ахмад настнуудад зориулсан эхний байраар Сүхбаатар дүүргийн 11-р хороонд баригдсан 300 айлын орон сууцыг байна гэж төлөвлөөд байгаа ажээ. Энэ тухай нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун “Удирдлагын зөвлөл”-ийн гишүүдэд танилцууллаа. Энэхүү байрыг айл өрхийг түр суурьшуулах зорилгоор барьсан бөгөөд 15 давхар хоёр хос барилга юм. Энэхүү байрны хамгийн жижиг өрөө нь 25,8 метр квадрат, хамгийн том өрөө нь 37,3 метр квадрат юм байна. Энэхүү түрээсийн байранд амьдрах иргэд зөвхөн ашиглалтын зардлаа төлөн амьдрахаар тооцож байгаа бөгөөд цахилгаан, усны төлбөр гээд одоогийн мөрдөгдөж байгаа тарифаар тооцоход хамгийн том өрөөг түрээсэлж байгаа иргэн сард 92 мянган төгрөгийн зардал төлөх тооцоо гарсан байна.Ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй, гачигдалтай иргэд, байгалийн давагдагшүй хүчин зүйлд орон гэрээ алдсан иргэд гэх мэт нийгмийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлэх “Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийн 75 хувийг ахмад настан, 20 хувийг гачигдалтай иргэн буюу хөгжлийн бэрхшээлтэй, цалингаас өөр орлоггүй төрийн үйлчилгээний албан хаагч, залуу гэр бүл,таван хувийг гал, үер гэх мэт хүчин зүйлээс болж орон гэрээ алдсан иргэдэд зориулахаар төлөвлөж журам боловсруулсан байна. Журамд ахмадын орон сууц хөтөлбөрт хамрагдах иргэдийг сонгохдоо Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ирүүлсэн өргөдлийн дарааллыг баримтлана гэж тусгасан байна. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар энэхүү асуудлыг хэлэлцээд, ахмадын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай нийслэлийн Засаг даргын захирамж гаргахаар боллоо. Захирамжаар хөтөлбөрт хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах комисс, сонгон шалгаруулах журмыг батлах юм. Мөн ахмадын орон сууцыг тусгай нөхцөлтэйгээр түрээслүүлэх гэрээний загварыг батална. Ахмадын орон сууцны эхний байр болгохоор төлөвлөж байгаа Сүхбаатар дүүргийн 11-р хороонд баригдсан 300 айлын орон сууцанд орох ахмад настан, иргэдтэй холбогдох журмын дагуу гэрээ байгуулахаар шийдвэрлэлээ.


АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш