Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө үндэсний газраас “Хүүхдийн эрх, хамгааллын асуудлаар үүрэг хүлээгчдийн улсын зөвлөгөөн” зохион байгуулж байна. Зөвлөгөөнөөр Монгол улсын хүүхдийн эрхийн хэрэгжилт, хүүхэд хамгааллын эрх зүйн орчин, хүүхдийн төлөө байгууллага, ажилтны эрх зүйн чадамж, хүүхэд, гэр бүлийн эсрэг хүчирхийлэл, түүнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх зэрэг асуудал хэлэлцэж байна.
“Сургуулийн өмнөх боловсролын тогтолцоог сайжруулж, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Шинэчлэлийн Засгийн газар онцгой анхаарч ажиллана. Шинээр цэцэрлэг байгуулах, хүүхдийг гэрээр харах зэрэг олон арга байгаа боловч бид эцэг эхийнх нь ажилладаг албан байгууллага, аж ахуйн нэгжид хүүхдийн цэцэрлэг байгуулахад дэмжлэг үзүүлэх бодлого баримталж байна. Албан байгууллагууд хүүхдийн төлөө сэтгэл гаргаад цэцэрлэгийн байр бэлдээд өгөх юм бол Засгийн газраас бусад төрлийн бүх дэмжлэгийн үзүүлэхэд бэлэн байна. Дунд сургуулийн хувьд хүүхдэд дүн тавьж багаас нь өрсөлдүүлдэг, онц, муу гэж ялгаварладаг байдлыг халах хэрэгтэй. Хүүхдийг урамшуулж, авьяас чадвараа нээн илрүүлэхэд л сургууль, багш сурган хүмүүжүүлэгчид дэмжлэг туслалцаа үзүүлэх ёстой” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг “ Хүүхдийн эрх, хамгааллын асуудлаар үүрэг хүлээгчдийн улсын зөвлөгөөн”-д оролцохдоо хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.