logo
Богдын амыг эзэгнэсэн Богд хаан цогцолбор хэмээх хогийн цэгт Мэргэжлийн хяналт хэзээ очих вэ..?

Богдын амыг эзэгнэсэн Богд хаан цогцолбор хэмээх хогийн цэгт Мэргэжлийн хяналт хэзээ очих вэ..?

2011/08/17
Зайсангийн урд аманд Улаанбаатар хотын төвөөс 5,8 км зайд байрладаг, нэг дор 400 хүн хүлээн авах хүчин чадалтай, жилийн дөрвөн улиралд ажилладаг “Богд хаан” хэмээх томоохон цогцолбор нээгдэн, үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэхүү цогцолборыг “Талын Монгол групп” ХХК эзэмшдэг бөгөөд эртний овог аймгууд нэгдэн суурьшиж байгаа утга санааг илэрхийлсэн, Монголын үндэстэн ястаны ахуй, амьдралын хэв маягийг харуулахыг зорьсон аж. Чингисийн хүрээ, Шинэ Монгол, Баруун хүрээ, Зүүн хүрээнээс бүрдсэн билэгдэл бүхий 108 гэр, 6 буриад байшинтайгаар анх төлөвлөж үйл ажиллагаагаа эхлүүлж байсан юм гэнэ лээ. Энэхүү цогцолборт гадаадын нэг жуулчин дундажаар 75 ам.доллар, дотоодын иргэн 35,000-аас 60,000 төгрөгөөр хоол ундтай хонож өнжих өртөгтэй. Утаагаар амьсгалдаг Улаанбаатарчууд төдийгүй гадна дотны хүн бүр л үнэ өртөгийг үл харгалзан тэрхүү цогцолборыг зорьж, эрүүл агаарт гарангаа амарч, алжаал юугаа тайлдаг байлаа эхэндээ. Одоо бол өөдтэй, нөлөөтэй зочин гийчин тэр бүр зориод байхааргүй, эндүүрээд зориод очсон бол ичиж улайгаад буцмаар болчихсон газар болжээ. Үйлчилгээ арчилгаа нь доройтлын дээд болсон тэрхүү цогцолбор хогондоо дарагдаж, гэрүүд нь эхнээсээ нурж унах шатандаа орсон байна. Наад захын эрүүл ахуйн шаардлага хангаж дөнгөхөө байсан энэ газарт хараа хяналт тавьдаг, үйлчилгээний чанар стандартыг мөрдүүлдэг, хариуцлага тооцдог механизм гэж лав байхгүй бололтой. Үйлчлүүлэхээр очигсдосс мөнгөө л салгаж авч байвал бусад нь бол уучлаарай гэх бололтой юм. Хүн амрах нь бүү хэл хордож, бузартмаар болсон газрыг Улсын мэргэжлийн хяналтын шалгалт шүүлэг нь хаагуур нь өнгөрөөд байгааг ухаад олохгүй байна. Эсвэл тэд хэдхэн цагийнх нь орлогоор халаасанд орчихоод байгаа хэрэг үү. Ямартаа Богд хаанаараа овоглосон тус цогцолборт амарч, өнжих нь байтугай үдлээд гарахад хэцүүхэн дүр зураг угтаж байгааг эрхэм хэрэглэгч танд дуулгая. Та амралт зугаалгаар, ажил төрлийн уулзалтаар Богд хаан цогцолборыг зорих гэж байгаа бол өөр сонголт байж болох талаар нэг бодоод үзэхэд илүүдэх юун.
Э.Болор
www.shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш