Хойд зуслан чиглэлийн зам засварын ажил эхэлж, Дамбадаржаагийн постоос Хандгайт чиглэлд “ЭСТО” ХХК шинэ технологиор замын гадаргуун боловсруулалт хийж байгаа юм.Замын хөдөлгөөнийг бүрэн хаахгүй, урсгал тус бүрээр хэсэгчлэн хааж, засварын ажлыг гүйцэтгэж байна.
Сэлбийн хойд гүүрний хувьд ажлын явц 58 хувьтай, 9 тулгуурын 7-г цутгаж дууссан. Дам нурууны цутгалт мөн дууссан байна. Гэрээ ёсоор “Мотор сервис” ХХК 7 сарын 10-ны өглөө гүүрийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг бүрэн нээх ёстой.
Доржийн гудамжны баруун хэсэг буюу Сансарын аюулгүйн тойргийг өнөө орой хааж хучилт хийгээд, маргааш өглөө 8 цагт хөдөлгөөн нээхээр төлөвлөж байна. “Беринг” ХХК-ийн гүйцэтгэж байгаа Цайз зах хүртэлх энэхүү 2.8 км замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 35 хувийн явцтай, замын трасст орсон 121 объект чөлөөлөхөөс 64 объект үлдэж, чөлөөлөх шатандаа явж байна. Тухайлбал, Хилийн цэргийн удирдах газрын баруун талд барилгын суурь ухсан газрыг хашсан хашаа татагдаагүй байна. Туул Жин Пангийн уулзвараас Хилийн цэргийн удирдах газар хүртэлх 750 м замыг 7 сарын 5 хүртэл хааж хучилтын ажил хийнэ.
Жуковын музейн буцаж эргэдэг уулзвараас Баянзүрх дүүргийн Тамгын газрын хойно буцаж эргэдэг уулзвар хүртэлх 950 м авто замын урд урсгалыг хааж, хучилтын ажил гүйцэтгэж байна. Замын хөдөлгөөнийг 6 сарын 14-ний өглөө нээхээр төлөвлөсөн. Зүүн 4замын уулзвараас Офицеруудын ордон, Чулуун-Овооны тойргоос Ботаникийн цэцэрлэг хүртэлх авто замын хучилтыг 7 сарын 09 хүртэл хийж, замын хөдөлгөөнийг урсгал тус бүрээр хэсэгчлэн хаах юм.
Ийнхүү улсын баяр наадмаас өмнө хотын зүүн хэсэгт Доржийн гудамжны баруун хэсэг буюу Туул Жин Пангийн уулзвараас Хилийн цэргийн удирдах газар хүртэлх авто зам, Сэлбийн гүүр, Зүүн 4 замын уулзвараас Офицеруудын ордон, Чулуун-Овооны тойргоос Ботаникийн цэцэрлэг хүртэлх авто замууд дээр засвар, шинэчлэлтийн ажил өрнөх тул зам хаалттай байх хугацаанд замын түгжрэл ихсэхийг анхааруулж байна. Улирлын чанартай зам барилгын бүтээн байгуулалтын ажлын онцлогийг ойлгож, замын хөдөлгөөнд соёлтой оролцож, аль болох нийтийн тээврийн хэрэгслээр зорчихыг уриалж байна. Баяр наадмын өдрүүдээр нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөн хаахгүй, ихэнх замуудын зорчих хэсгийг бүрэн нээх эрчимжүүлсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа тул 20 гаруй хоног хотын зүүн хэсэгт замын түгжрэл ихсэх төлөвтэй байна.
НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ГАЗАР