Нийслэлийн Удирдлагын зөвлөл 2013 оны 6 дугаар сарын 13-нд Туул, Тэрэлжийн бэлчирт хуралдаж, хуралдаанаар цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх зорилго бүхий усан цогцолборыг Туул гол дээр байгуулах тухай асуудлыг хэлэлцэх юм.
Ус сувгийн удирдах газар хоногт 160 мянган шоометр усыг нийслэлийн хэрэглэгчдэд түгээж байгаа ч 2020 онд Улаанбаатар хотын хүн ам одоогийнхоос 4-5 дахин нэмэгдэх тооцоо байгаа юм. Мөн Ус сувгийн удирдах газраас өгч байгаа мэдээллээр дулааны, цахилгаан станцууд хоногт 61 мянган шоометр, гэр хороолол, зуслан, үйлдвэрүүд, хувийн гүний худгууд 78 мянган шоометр усыг олборлож байгаа юм байна.
Ингэхээр нийслэлчүүд хоногт нийтдээ 299 мянган шоометр усыг хэрэглэдэг гэсэн үг. Харин хүн амын тоо нэмэгдэж, хот хөгжихийн хирээр гүний цэвэр усны нөөц багасаж, 2030 он гэхэд нийслэлчүүдийн хэрэглэх цэвэр усны хэрэгцээ 510,7 шоо метр болох хандлагатай байна гэж судлаачид үзэж байна. Тиймээс хүн амын хамгийн чухал хэрэгцээ болсон цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх шинэ шийдлийг нийслэлийн удирдлагууд эрэлхийлж, гадаргын усан цогцолбор байгуулах замаар усны нөөцийг нэмэгдүүлэх нарийвчилсан судалгаа, зураг төсөв, угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байгаа юм.
Дэлхийн улс орнууд нийт хэрэглэж буй усныхаа 80 орчим хувийг гадаргын эх үүсвэрээс авдаг бол манай орны хувьд унд, ахуйн болон бусад хэрэгцээндээ гүний усыг хэрэглэж байгаа юм. Тиймээс усны нөөцийг нэмэгдүүлэхийн тулд гадаргын усан цогцолбор байгуулах замаар усны нөөцийг нэмэгдүүлэх нь нэн чухал гэдгийг мэргэжилтнүүд зөвлөдөг юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.