Маргааш элсэлтийн ерөнхий шалгалт эхэлнэ. Тус шалгалтад 43800 хүүхэд оролцохоор бүртгүүлээд байгаа юм байна. Нийт элсэгчдийг улсын хэмжээнд 52 шалгалтын байранд хуваарилан, шалгалт авахаар хувиарласан аж. Шалгалт өгөх хүүхдүүдэд анхааруулахад шалгалтад хамрагдахад шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлсэн байх ёстой бөгөөд түүнд нь элсэгчид бүртгэлийн хуудас, шар хуудас, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргийг бүрдүүлнэ. Мөн иргэний үнэмлэх авах нас нь болоогүй бол суралцаж байгаа сургууль болон харьяа хороо, дүүргийн Засаг даргын тодорхойлолт авсан байх ёстой гэнэ. Түүнчлэн бүртгэлийн хуудас нь тамга дарж, гарын үсэг зурж баталгаажсан байх шаардлагатай юм байна. ЭЕШ-ын энэ жилийн математик, физик, химийн даалгаврын гүйцэтгэх хугацаа нь 100 минут бол монгол хэл англи хэл, орос хэл, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн гүйцэтгэх хугацаа 80 минут байх аж. Мөн энэ жил мессеж үйлчилгээг шинээр нэвтрүүлсэн бөгөөд тус үйлчилгээгээр дамжуулан шалгалтынхаа дүнг мэдэх бүрэн боломжтой болжээ. Шалгуулагч хувийн мэдээллээ оруулахдаа утасныхаа дугаарыг ашиглан Боловсролын үнэлгээний төвийн тусгай 133233 дугаарт мессеж илгээж интернэт орох шаардлагагүйгээр хэрэгтэй мэдээллээ авах боломжтой ажээ.