БОНХ-ийн Сайд С.Оюун БНСУ-ын Инчон хотноо НҮБ-ын Ази номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Зүүн Хойд Азийн бүсийн албанд зочилж, захирал ноён Килапарта Рамакришна болон албаны бусад хүмүүстэй ярилцах үеэрээ хоёр орны байгаль орчны мэргэжилтнүүдийн ээлжит уулзалтыг ирэх 9-р сард Улаанбаатарт хийхээр тохиролцжээ.
Зүүн Хойд Азийн бүсийн алба нь бүс нутгийн зарим оронд ногоон өсөлтийн бодлого, хөтөлбөр боловсруулахад дэмжлэг үзүүлдэг бөгөөд Монгол Улсын ногоон хөгжлийн үндэсний хөтөлбөр боловсруулахад зарим талаар хамтран ажиллаж байна. Хоёр тал Инчоны энэ удаагийн уулзалтаар үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа. Түүнчлэн ногоон хөгжлийн чиглэлээр үндэсний чадавхи бүрдүүлэх сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.
Сайд С.Оюун уг байгууллагын хамт олонд Монгол улсын хөгжлийн өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, тэдний сонирхсон нийгэм, эдийн засаг, байгаль орчны талаархи асуултуудад хариулав.