logo
УИХ хаврын чуулганаар юу амжуулав?

УИХ хаврын чуулганаар юу амжуулав?

2013/06/15
УИХ-ын хаврын чуулган Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр түр завсарлаад байгаа. Энэ удаагийн чуулганаар үндсэн 17 хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд ажлын хугацааныхаа тал илүү өнгөрөөчихөөд байгаа ч төлөвлөсөн ажлынхаа талд нь хүрээгүй явна. Хийхээр төлөвлөснөө бараагүй шалтгаан нь дундуур нь улс төрийн цөөнгүй асуудал орж ирж, тэр бүрт цагаа барсантай холбоотой. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа УИХ газрын харилцаатай холбоотой хуулиуд дээр голлон ажиллах бололтой. Тодруулбал Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Газрын төлбөрийн тухай , Газрын кадастрын тухай, Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Баянмонгол (Эрдэнэс Монгол) компанийн тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд ээлж дарааллаа хүлээн буй аж. Ингээд хаврын чуулганаар УИХ юуг амжуулсныг эргэн санацгаая.

                                                 Ерөнхийлөгчийн сонгуулийг товлов

   Хэлэлцэх асуудлын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлах тухай УИХ-ын тогтоолын төсөл болон зардлын тогтоох тухай асуудал байв. Маргаад байх улс төрийн асуудал байхгүй байсан тул гишүүдийн 74.5 хувийн саналаар асуудалгүй баталлаа. Ингэснээр Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд товлогдов. Дараагийн хэлэлцэх хууль болох сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг 15.8 тэрбум төгрөг байхаар зааж өглөө. УИХ-ын даргын зүгээс “Сонгуулийн хоёрхон өдөр ажилласных нь төлөө урамшуулал болгож 8.6 тэрбум төгрөг өгөх нь утгагүй зардал. Төрийн албан хаагч ажилласныхаа төлөө цалин авч байж, дахиад сонгуульд ажилласан гэж давхар урамшуулал авдаг. Ингэхдээ бүр хоёрхон хоногт 8.6 тэрбум төгрөг зарцуулах нь хэтэрсэн хэрэг. Тиймээс сонгуулийн зардлын төлөвлөлт, гүйцэтгэл, явцад нь аудит хийх шаардлагатай” гэж байсан боловч танаж багасгасан зүйл бараг гарсангүйгээр батлагдлаа.

                                                                Дэд даргаа солив

   УИХ-ын дэд дарга С.Баярцогт нууц дансны хэргээс болоод албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорч, түүний орыг залгах хүнээр Р.Гончигдоржийг сонгосон нь энэ чуулганы асуудал хэлэлцэх цагаас багагүйг “хумслав”. С.Баярцогтын Швейцарийн банкин дахь нууц данс илэрч энэ талаар хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нь мэдүүлээгүй байсан нь миний буруу хэмээн улс төрийн хариуцлага хүлээхээ мэдэгдэв. Ингээд чуулганаар асуудлыг хэлэлцэж түүнийг УИХ-ын дэд даргаас чөлөөлөв. Энэ асуудал нь сөрөг хүчин болох МАН-ын толгойтой бүхнийг шүүмжлэгчид болгов. Ингээд дэд даргад УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийг тодруулж, дэд даргаар томиллоо. Тэрүүхэн тэндээ намын дотоод фракцуудын өрсөлдөөн өрнөсөн ч Алтангадас фракцийн ялалтаар асуудал намжив. МАН-ынхан энэ асуудлаар бойкот хийх гэж оролдож түүнийг дэд даргаар томилох асуудлаар УИХ дээр хэлэлцэх үеэр завсарлага авч Сонгинохайрханаас сонгогдсон Д.Сумъяабазрыг тангараг өргүүлэхээр барьцаалсан юм. Гэвч УИХ-ын дарга З.Энхболд энэ асуудлыг дахин хойшлуулах шаардлагагүй гэж үзэн, санал хураалт явуулснаар дэд дарга сонгогдсон юм.

                                      Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг өөрчлөв

   Хөрөнгө оруулалтын хэмжээ багасч буй нэгэн шалтгааныг оны өмнө баталсан хуулиас болсон гэх дүгнэлт байдаг. Тодруулбал, УИХ-аас 2012 оны тавдугаар сарын 17-ны өдөр баталсан хуульд “Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн гадаадын хөрөнгө оруулагчийн эзэмших хувь хэмжээ 49 хувиас илүү гарах бөгөөд тухайн үед оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 тэрбум төгрөгөөс давах тохиолдолд Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд зөвшөөрөл олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ” гэсэн заасан байсан. Харин Засгийн газраас хуулийн энэ заалтыг “Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа эрхлэх, эсхүл үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн гадаадын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хөрөнгө оруулагчийн эзэмших хувь хэмжээ 49 хувиас илүү гарах тохиолдолд Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэх бөгөөд бусад тохиолдолд зөвшөөрөл олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ” гэж өөрчлөн найруулсан юм. Ингээд чуулганаар уг хуулийг өөрчлөх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна.

                                                                    УИХ 76 гишүүнтэй болов

 

   МАН-ын гишүүдийн хувьд энэ өдөр хамгийн бухимдмаар өдөр байлаа. УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураалтаар ялалт байгуулсан Д.Сумъяабазарын хамтаар Өвөрхангайн 10 дугаар тойргийн Д.Зоригтыг хамтад нь тангараг өргүүлэхээр болсон байв. Өвөрхангайн тойргийн маргаан өрнөж, АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү шинэ оны өмнө тангараг өргөж, тухайн үед Д.Зоригт тангараг өргөлгүй хүлээн “хэргийг шийдвэрлэж дуустал тангараг өргөхгүй” гэж байв. Уг нь тус тойрогт МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нар сонгогчдын олонхийн санал авсан ч сонгуулийн сурталчилгааны явцад хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдож, шүүх, хяналтын байгууллагаар хэргийн нягталж дууссан тул ялалт нь ялагдал болон хувирав. Тэрээр тангараг өргөснийхөө дараа “Өвөрхангайчууд хоёр төлөөлөлтэй боллоо. Миний хувьд ч урт сонгууль боллоо. Сонгуулийн тухай хуулийг 2011 онд шинэчлэн баталсан. Сонгууль хуулийн дагуу болсон ч Өвөрхангай аймагт маргаан гарсан. Шат шатны шүүх дамжиж, СЕХ-ны шийдвэр гарч тангараг өргөж байгаадаа баяртай байна. Хуулийн заалт, шүүхийн шийдвэр хэрэгжиж байна гэж ойлгож байна” гэж байв.

                                     Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг шинэчлэв

    Мөн намрын чуулганаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцн батлав. Байнгын хороон дээр хөрөнгө оруулалтын сангийн талаар тодорхой зохицуулалтыг багтаасан зүйл, хэсэг, заалтуудыг төсөлд нэмж тусгах, үнэт цаасны зах зээлийн харилцааг зохицуулж байгаа төрийн байгууллагын зарим чиг үүргийг мэргэжлийн холбоод буюу өөрийгөө зохицуулах байгууллагад шилжүүлэх санал гарав. Төсөлд хөрөнгийн бирж үнэт цаасны төлбөр, тооцооны үйл ажиллагааг хавсран эрхэлж болохоор байсныг үнэт цаасны төлбөр, тооцооны үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн хувьцааг эзэмшиж болохоор өөрчлөх зэрэг асуудлыг төсөлд тусгасан нь батлагдсан аж. Батлагдсаны дараа УИХ-ын дарга энэ хуулийн талаар "Хоёр Засгийн газар дамжин удаан хэлэлцэгдсэн энэ хууль батлагдаж, манай улс үнэт цаасны зах зээлийн олон улсын жишигт нийцсэн хуультай боллоо" гэдгийг онцолсон юм. Хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөгдөх болно.

                                                       Үндсэн чиглэлийг батлав

   Хэлэлцэхээр төлөвлөсөн 11 асуудлын нэг нь “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл байв. Засгийн газар макро эдийн засгийн тэнцвэртэй, тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд эдийн засгийг дэмжих мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, инфляцийн түвшинг зургаан хувьд барих чиглэл барьжээ. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 16 хувьд хүргэхийг тогтоолд тусгажээ. Үүнээс гадна төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, олон улсын нислэгийн давтамж, чиглэлийг нэмэг-дүүлж, агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх, аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох, барилгын материалын импортыг бууруулахаар тө-лөвлөжээ. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, орчны бохирдлоос хамгаалж, доройтлыг бууруулж, ногоон хөгжлийг бий болгох, хөдөөгийн хөгжлийг эрчимжүүлж, "Сум" төслийг хэрэгжүүлж эхлэх, "Ажилтай, орлоготой монгол хүн" хөтөлбөрийг хэрэгжүүлж цалин хөлсний бодлогыг шинэчлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлого, хууль, эрх зүйн орчныг шинэчлэх зэрэг зорилтуудыг мөн дэвшүүл-сэн байна. Ирэх онд Оюутолгойн ордын үйлдвэрлэл энэ оныхоос бараг хоёр дахин нэмэгдэж, "Эрдэнэс-Тавантолгой"-н Баруун болон Зүүн цанхийн олборлолт далайцтай явагдаж эхэлнэ гэж Засгийн газраас тооцжээ.

                                 Мөнгө угаахтэй тэмцэх хуулийг шинэчлэн батлав

   Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын байгууллага болох ФАТФ-аас Монгол Улсад хандан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль хийгээд холбогдох бусад хуулийн төслөө дэлхийн жишигт хүргэж өөрчлөхгүй бол энэ төрлийн гэмт хэрэг гарах магадлал өндөр байгааг анхааруулан “хар жагсаалт”-ндаа оруулах эрсдэл байгаа гэж шахаж байв. Хуулийг зургадугаар сарын 1-нээс өмнө амжиж батлахгүй бол дээрх жагсаалтанд нь орж гадны зээл тусламж хүртэх эрхээ алдахад хүрээд байв. Гэхдээ УИХ яаравчлан хэлэлцэж хуулийн төслийг амжиж батлав. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг нууцын зэрэглэлтэй, хаалттай явж байсан бөгөөд банкуудаар хийгдэж байгаа 20 сая төгрөг болон түүнээс дээш хэмжээтэй мөнгөн гүйлгээг шалгахаар болсон байна. Сэжигтэй гүйлгээг Санхүүгийн албаны даргын шийдвэрээр гурав хоног хүртэл зогсоож шалгах, шаардлагатай тохиолдолд хугацааг сунгана, ингэхдээ шүүхийн шийдвэрээр хугацааг сунгахаар тусгажээ.

                        Зарим түүхий эд, тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлөв

  Хаврын чуулганы төгсгөлд гурван ч тусдаа НӨАТ, Гаалийн албан татвараас чөлөөлөх хүсэлтийг ёсоор болгосныг энд онцолъё. Үүнд, Импортоор оруулж ирэх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний стандартын шаардлага хангасан 24 буюу түүнээс дээш суудалтай, 45 буюу түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, үйлдвэрлэснээс хойш нэг хүртэл жилийн доторх шинэ автобус, троллейбусыг, Газрын тосны бүтээгдэхүүнийг газрын тос, занар болон нүүрснээс үйлдвэрлэлийн аргаар гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж байгаа технологийн тоног төхөөрөмж, сэлбэг болон тусгай зориулалтын барилгын материалыг, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа бөөрөнхий мод, гуалин, модон зүсмэл материал, бүрэн ба хагас боловсруулалт хийсэн модон эд анги, бэлдэц, төрөл бүрийн модлог хавтан, модон хуулга, хуудсан материалыг Нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлөхөөр болсон байна.


                                                                                                Б.МАНДАХ

                                                                                               www.news.mn

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш