Тус аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх насны 8000 гаруй хүүхэд байдгаас 70 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагддаг байна. Аймгийн ууган цэцэрлэг болох нэгдүгээр цэцэрлэг нь 160 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч одоогийн байдлаар 210 гаруй хүүхэд хүлээж аваад байгааг цэцэрлэгийн удирдлагууд хэлээд цэцэрлэгийн барилгыг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн санал тавьсан юм.
Харин УИХ-ын дарга “Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна гэвэл 1 их наяд төгрөг шаардлагатай. Ийм боломж байхгүй. Тиймээс гэрээр хүүхэд харах үйлчилгээг бий болгож, хүүхэд төрүүлсэн ээж хүүхдээ хоёр нас хүртэл нь хардаг байх хууль санаачилж байгаа. Хүүхэд төрүүлсэн ээжид 10 сарын хугацаанд төрөөс тодорхой хэмжээний мөнгө олгодог. Үүнийг 24 сар болгож нэмэгдүүлэх, цэцэрлэгт хүмүүжиж байгаа хүүхэд бүрт зарцуулж байгаа 113 мянган төгрөгийн хувьсах зардлыг хүүхэд харж байгаа ээжүүдэд олгодог болох замаар цэцэрлэгийн хүрэлцээний асуудлыг шийдэх боломжтой” гэлээ. Цэцэрлэгийн удирдлагууд үүнийг дэмжиж байгаагаа илэрхийлээд мөн эцэг, эхчүүдэд үүрэг хариуцлага хүлээлгэх үүднээс тодорхой хэмжээний мөнгө авдаг байх хэрэгтэй юм. Үүнийг хуулиар зохицуулж өгөх боломж бий эсэхийг тодруулж байлаа.
УИХ-ын дарга дараа нь бизнес эрхлэгчидтэй уулзаж УИХ-аас хэд хоногийн өмнө баталсан Газрын тосны бүтээгдэхүүнийг гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж байгаа технологийн тоног төхөөрөмж, сэлбэг, Импортоор оруулж байгаа бүрэн ба хагас боловсруулалт хийсэн модон эд анги, бэлдэц, төрөл бүрийн модлог хавтан, модон хуулга, хуудсан материал, 24-өөс дээш суудалтай, 45-аас дээш зорчигчийн багтаамжтай автобус, троллейбусыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиудын талаар тайлбарлаж ярилаа.
Тус аймгийн бизнес эрхлэгчдийн хувьд тулгарч байгаа гол асуудал нь газар. Газар олгох эрх нь Засаг даргын мэдэлд байдаг учраас танил талдаа өгөх тохиолдлууд их байдгийг тэд хэлж байлаа. Мөн Дархан-Уул, Сэлэнгэ аймгууд сүү, сүүн бүтээгдэхүүний гол бэлтгэн нийлүүлэгч болох боломжтой. Гэвч малчид нийслэл рүү сүүгээ борлуулж чаддаггүй. Тиймээс сүүний борлуулалтад төрөөс бодлого боловсруулж ажиллахыг хүслээ. Түүнчлэн Дархан-Уул аймагт ажиллахаа больсон үйлдвэрүүд их бий. Тухайлбал, жимс ногоо боловсруулах томоохон үйлдвэрүүд нь хаагдсан тул эдгээрийг сэргээх талаар төрийн ямар нэгэн бодлого хэрэгжиж байгаа эсэхийг тодруулж байлаа.
Үүний дараа УИХ-ын дарга тус аймаг дахь ШУТИС-ийн Политехникийн коллеж болон “Улаанбаатар” гурилын үйлдвэртэй танилцсан юм. Политехникийн коллеж нь хичээлийн байр, 250 оюутан хичээллэж дадлага лабортори явуулах байр, 370 оюутан суух дотуур байртай юм. Өнгөрсөн оны сүүлчээр “Оюутолгой” ХХК-иас тус коллежид цахилгаан, гагнуур, электроник, хүнд машин механизмын, баяжуулалтын, токарь фрезерийн иж бүрэн дадлага лаборторийг хүлээлгэн өгчээ. Тиймээс сургалтын бүх материаллаг бааз нь бүрэн автоматжсан орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсоныг УИХ-ын дарга сайшааж байв. Эднийх өнгөрсөн хугацаанд 300 гаруй боловсон хүчин бэлтгэж төгсгөснөөс 70 гаруй хувь нь ажилд орсон байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.