logo
УИХ-ын дарга З.Энхболд цусаа хандивлалаа

УИХ-ын дарга З.Энхболд цусаа хандивлалаа

2013/06/15
2004 оноос Монгол Улсын хэмжээнд Дэлхийн цусны донорын өдрийг жил бүрийн зургадугаар сарын 14-ний өдөр уламжлал болгон тэмдэглэж ирсэн бөгөөд 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа арга хэмжээнд УИХ-ын дарга З.Энхболд оролцон цусаа хандивлаж, алтан амийг аврагч ачтан доноруудад хүндэтгэл үзүүллээ.

  Тэрбээр яг энэ өдөр дэлхийн 150 гаруй оронд энэхүү өдрийг тэмдэглэж буйг дурдаад бусдын амийг аварч, амьдрал бэлэглэдэг 70 гаруй мянган донорууддаа талархаж байгаагаа илэрхийлэв. УИХ, Засгийн газраас цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгааг тэрбээр онцолсон. Цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах тогтоолыг УИХ 2007 онд баталсан бөгөөд Засгийн газраас үйл ажиллагааны төлөвлөгөө батлан ажиллаж, хэрэгжилт нь 90 гаруй хувьтай байгааг дуулгасан юм.

  УИХ-ын дарга З.Энхболд Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн шинэ барилгыг 2014 онд ашиглалтад оруулан, цаашид 21 аймаг дахь төвүүдийн шинэ техник технологиор хангахаар ажиллаж байгаа гээд ингэснээр цус, цусан бүтээгдэхүүний хангамж сайжран, аюулгүй байдлыг хангахад ахиц гарна хэмээн хэлсэн юм.

  “Таны цус амьдрал бэлэглэнэ” уриатай зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээг дэмжин цусаа бэлэглэх донорын үйлсэд идэвхтэй оролцохыг УИХ-ын дарга уриаллаа.

   Дэлхийн цусны донорын өдрөөр ачтан доноруудыг алдаршуулах, урамшуулах ажлыг мөн зохион байгуулдаг бөгөөд 35 болон түүнээс дээш удаа цусаа бэлэглэсэн доноруудад МУЗН-ийн “Хүндэт донор” цол олгодог. Улсын хэмжээгээр 2013 онд 97 донор шинээр “Хүндэт донор” цолны болзол хангасны 42 нь Улаанбаатар хотод цусаа бэлэглэсэн хүмүүс байгаа ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш