Хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг 2 хууль болгон өөрчилж, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль болгон баталсан.
Газрын тосны бүтээгдэхүүнийг газрын тос, занар болон нүүрснээс үйлдвэрлэлийн аргаар гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж байгаа технологийн тоног төхөөрөмж, сэлбэг болон тусгай зориулалтын барилгын материалыг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд чөлөөлөхөөр тогтсон.
Мөн Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан бараа, материалын жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Засгийн газар батлахаар хуульчилсан.
Эдгээр хууль батлагдсанаар манай улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд онцгой ач холбогдол бүхий газрын тосны бүтээгдэхүүнийг дотооддоо газрын тос болон нүүрс, занараас гарган авах технологийг богино хугацаанд амжилттай нэвтрүүлэн нутагшуулж, стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хувьд хараат бус болох, нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, инфляцийг тогтвортой байлгах, газрын тосны бүтээгдэхүүн экспортлогч орон болох зэрэг улс орны нийгэм, эдийн засгийн бүтцэд нааштай өөрчлөлтүүд гарах юм.
Төсвийн байнгын хорооны референт Ц.Батбаатар