Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу Монгол Улсын иргэдийн гадаадад зорчих нөхцлийг хөнгөвчлөх ажлын хүрээнд гадаад орны виз мэдүүлэх ажиллагааг монгол иргэдэд хялбар, дөхөм болгох үүднээс гадаад орнуудаас Монгол Улсад суугаа ДТГ-ын консулын ажилтнуудтай хийх уулзалтыг 6 дугаар сарын 14-ний өдөр ГХЯ-нд зохион байгуулав.
Уг уулзалтаар Монгол Улсын визийн бодлого, цаашдын чиг хандлага, дотоодын хууль, журамд гарч байгаа өөрчлөлтүүд болон Монгол иргэд гадаадад зорчих ажилд гарч байгаа ахиц, хүндрэлийн /олон төрлийн бичиг баримт шаардах, виз шийдвэрлэх хугацаа урт байх г.м./ талаар танилцуулах, виз олголтыг хөнгөвчлөх талаар санал солилцох, мөн гадаад орны ДТГ-ын консулын ажилтнуудад тулгарч байгаа бэрхшээлийг сонсох, гэнэтийн яаралтай асуудал гарах тохиолдолд шуурхай шийдвэрлэдэг арга механизм бий болгох талаар санал солилцох зорилго тавив.
Энэхүү уулзалтад Улаанбатарт байгаа гадаадын 19 ЭСЯ, 2 Ерөнхий консулын газар, мөн Дархан, Эрдэнэт дэх ОХУ-ын Ерөнхий консулын газраас консулуудыг урьж, дотоодын байгууллагуудаас ХЗЯ, ЦЕГ, УБЕГ, ГИХАЭГ, ХХЕГ, Нотариачдын танхим, Татварын Ерөнхий газар, Арилжааны банкны зарим төлөөллийг оролцжээ.