Төв аймагт энэ онд 19,7 тэрбум төгрөгийн зам засвар, шинэчлэлтийн ажил хийгдэхээр төсөвт тусчээ. Замын ажлууд ид өрнөж байгаатай Ерөнхий сайд Н.Алтанхуяг газар дээр нь танилцлаа. Өндөрдов-Зуунмод чиглэлийн 3,8 км замын шинэчлэлийн ажлыг баяр наадмаас өмнө дуусгах хуваарьтай бөгөөд үүнд аймгийн удирдлага хяналт тавьж ажиллаж байна.
Налайх-4 дүгээр зөрлөг-Зуунмод чиглэлийн 25 км авто замын ажлын 20 хувийг гүйцэтгээд байна. “Эрч хүчтэй ажиллаж, товлосон хугацаандаа буюу 11 дүгээр сард багтаан ашиглалтад оруулах учиртай. Хугацаандаа амжихааргүй бол нэмж компани ажиллуулна” гэж Ерөнхий сайд хэллээ.
Замын ажлын дараагаар Ерөнхий сайд Сэргэлэн суманд баригдаж буй Их майдар цогцолборын бүтээн байгуулалттай танилцлаа. Суурийг нь тавьж дуусаад дараагийн ажлууд эхэлжээ. Цөлжилтийн эсрэг хийгдэж буй энэ төслийн хүрээнд Зүүн мутартаа амьд бүхнийг тэтгэгч бумбатай рашаан ус барьсан бурхныг зуун урагш харуулан ногоон байгууламжийн хамт байгуулна. Хүний гараар бүтсэн хамгийн том ногоон байгууламж 2040 онд бүрэн дуусч, сансраас ногоон гурвалжин хэлбэртэй харагдана. Монголын ард түмний санаачлан хэрэгжүүлж байгаа энэ цогцолбор дэлхийд гайхуулах бүтээл болно гэдэгт итгэлтэй байгаагаа аймгийн удирдлагууд хэлж байлаа.