Нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад гэрээгээр эзэмшүүлж болох хамгаалалтын бүсэд хамаарах ойн сангийн нэршлийн жагсаалтыг баталж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд даалгалаа.
Гэрээгээр эзэмшүүлж болох ойг тогтоохдоо экологийн өндөр ач холбогдолтой ойг үлдээж экологийн төдийгүй нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой ойг эзэмшүүлэхээр сонгосон байна.
Судалгаанаас харахад нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад гэрээгээр ойн санг эзэмшүүлснээр тухайн ойд түймэр гарах магадлал 95 хувь буурч, хууль бус мод бэлтгэл бүрэн зогссон бөгөөд ойн хөнөөлт шавьжийн голомтыг цаг алдалгүй илрүүлж түүнтэй тэмцэх ажлыг үр дүнтэй зохион байгуулдаг байна.
Гэрээгээр эзэмшүүлж болох хамгаалалтын бүсэд хамаарах эзэмшлийн ойн сангийн нэршлийн жагсаалтад
· Сургалт, судалгааны ойн сан
· Нийслэл, хотын хилийн цэсээс гадагш оршиж байгаа нийслэл, тухайн хотын ногоон бүсэд хамаарах ойн сан
· Рашаан, булаг, шандын ундаргын эргэн тойронд 300 метрээс гадагш болон усны сан бүхий газрын эргээс 200 метрээс гадагш орших хориотой зурвасын ойн сан
· 30 хэмээс илүү налуу газрын ой
· 100 га хүртлэх хэмжээний төгөл ой багтжээ.