“Осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх” үндэсний хөтөлбөрийн дунд хугацааны үнэлгээний дүнг ЭМЯ-ны Удирдлагын зөвлөлийн 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хурлаар хэлэлцүүлсэн.
Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 279 дүгээр тогтоолоор “Осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх” үндэсний хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөг 2010-2016 онд хэрэгжүүлэхээр баталсан билээ.
“Осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх” үндэсний хөтөлбөрийн нэгдүгээр үе шатны хэрэгжилт хангалтгүй байна. Тусламж, үйлчилгээний зохион байгуулалтыг боловсронгуй болгох ажил хийгдээгүй байна. Салбар хоорондын хамтын ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах тогтолцоог бүрдүүлэх, салбар бүрийн шийдвэр гаргагч нараас бүрдсэн Үндэсний зөвлөлийн түвшинд осол гэмтэл, хүчирхийллэс сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах зайлшгүй шаардлага тулгарч байна.
Зам тээврийн ослын улмаас нас барсан тохиолдол жил ирэх тутам нэмэгдэж, 2012 онд 100 000 хүн амд 20.9 промиль, хүүхдийн осол гэмтлийн тохиолдол 10 000 хүн амд 99.4 промиль, түлэгдэлт 10 000 хүн амд 29.2 промиль байгаа нь 2012 онд хүрэх түвшинээс тус тус өндөр, зорилтот түвшинд хүрээгүй байна (Зураг 1).
Зураг 1. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтийн биелэлт (2008-2012)
Осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрүүл мэндийн байгууллагын зохион байгуулалтыг оновчтой болгох талаар Эрүүл мэндийн сайдын 2011 оны 434 тоот тушаалаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд (ГССҮТ)-д “Осол гэмтлийн тандалт, мэдээллийн үндэсний нэгж” ажиллах, нийт 6-8 хүний бүрэлдэхүүнтэй байхаар заасан ч энэхүү тушаал хэрэгжээгүй өдийг хүрчээ. Мөн ГССҮТ-д тандалт, мэдээллийн үндэсний нэгж байгуулаагүй, ямар нэгэн зохион байгуулалтын арга хэмжээ аваагүй байна. ГССҮТ-д “Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас” маягтын дагуу бүртгэл хөтөлдөггүй байна.
Эрүүл мэндийн сайдын 2012 оны 375 тоот тушаалын дагуу Яаралтай тусламжийн төвөөс 12, Баянзүрх 3, Сонгинохайрхан 2, Баянгол 2, Сүхбаатар 2, Хан-Уул дүүргээс 1 эмчийг тус бүр, нийт нийт 24 эмчийг гэмтэл, согог засал судлалын эмч бэлтгэх 1 жилийн эрчимжүүлсэн сургалтад хамруулжээ. 2012 оны жилийн эцсийн байдлаар аймгийн 9.5% (Архангай, Говьсүмбэр), дүүргийн 22.2% (Багануур, Багахангай) нь гэмтэл согог судлалын эмчгүй, аймгийн 47.6% нь гэмтэл согог судлалын кабинетгүй, 42.8% нь гэмтэл согогийн тусламж, үйлчилгээний оргүй байна. Дүүргийн нэгдсэн эмнэлгүүд одоогоор гэмтэл согогийн тусламж, үйлчилгээний оргүй байна.
Осол гэмтлийн оношилгоо, эмчилгээг олон улсын түвшинд хүргэх нөхцлийг бүрдүүлэхээр Эрүүл мэндийн сайдын 2012 оны 358 тоот тушаалаар Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 29.8 сая төгрөгийн гэмтэл, ослын яаралтай тусламжийн иж бүрдлийг Мянганы зам дагасан Төв, Булган, Хэнтий, Сэлэнгэ, Говьсүмбэр, Дархан-Уул зэрэг 6 аймгийн 10 суманд хуваарилжээ.
Хүн амын амьдарч, сурч, хөдөлмөрлөх аюулгүй орчин бүрдүүлэх талаар тодорхой ажлууд хийгдсэн байна. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 146 дугаар тогтоолоор “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах” үндэсний стратеги баталжээ.
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний саатал, түгжрэлийг багасгах, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн хэмжээнд явган зорчигчдод зориулсан нүхэн болон гүүрэн гарам, явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тусгаарлах хайс, хашлага, чиглүүлэх байгууламж, тусгаарлах зурвас, гэрэлтүүлэг, сааруулагч хийх зэрэг арга хэмжээ авч ажилласан байна.
Улсын хэмжээнд 2010-2012 онд зам тээврийн нийт 44.544 осол гарснаас 2010 онд – 8809, 2011 онд – 19440, 2012 онд – 16295 тохиолдол бүртгэгдсэн байна. Зам тээврийн осол гарсан шалтгааныг харахад нийт ослын 82.8-96.8 хувь нь жолоочийн буруу үйлдэлтэй холбоотой гарсан байна.
Зам тээврийн осол үүсэхэд нөлөөлж буй нэг гол хүчин зүйл болж буй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, гудамж, зам талбайд биеэ авч явах чадваргүй болтлоо архи ууж согтуурсан хүмүүсийг илрүүлж, эрүүлжүүлэх, захиргааны арга хэмжээ авах, сугалт, сурталчилгааны ажил хийж байгаа ч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдол буурахгүй, жил ирэх тутам нэмэгдсээр 2012 онд нийт 1513 тохиолдол бүртгэгдэж, 2010 онтой харьцуулахад 1.2 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
ДЭМБ, Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл, НҮБ-ын Хүн амын сан, Хөгжлийн хөтөлбөрөөс үндэсний хөтөлбөр хэрэгжих нэгдүгээр үе шатад ихээхэн хөрөнгө оруулалт хийж, нийт 1.35 тэрбум төгрөг, Эрүүл мэндийг дэмжих сангаас 59.0 сая төгрөгийн санхүүжилт олгожээ.
2009 оноос өмнө гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод тусламж үзүүлэх үйл ажиллагааг төрийн бус байгууллагууд дагнан гүйцэтгэж байсныг 2009 оноос үйл ажиллагаанд төрийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2009 оны хамтарсан 308/189/129 тоот тушаалаар “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг Эрүүл мэндийн яамны харъяа Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хууль зүй, дотоод хэргийн яамны харъяа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харъяа Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд байгуулжээ.
Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид үзүүлэх эмнэлэгт түшиглэсэн нэг цэгийн үйлчилгээний төвүүд нь үйлчлүүлэгчдийн эрх ашигт нийцсэн, эмнэлэгт байрласан учир эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй авах боломжтой зэрэг давуу талтай ч санхүүжилтийн асуудал шийдэгдэхгүй байгаагийн улмаас үйл ажиллагааны тогтвортой байдал хангагдаагүй, хүний нөөцийн хангамж дутмаг, 24 цагаар үйлчилгээ үзүүлэх боломжгүй, холбоо барих утас байхгүй зэрэг зайлшгүй шийдвэрлэх ёстой асуудлууд байсаар байна. Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөгсдөд тусламж, үйлчилгээ үзүүлэх Нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, мэдээлэл солилцох, хяналт тавих үйл ажиллагаа сүүлийн нэг жилд ихээхэн алдагдсан байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дэвшилттэй, давуу талууд байгаа ч тулгамдаж буй, цаашид анхаарах, эрчимжүүлэх шаардлагатай асуудлууд нилээд байна.