logo
ОХУ-ын спортын нийслэл хот Казаньд универсиад болно

ОХУ-ын спортын нийслэл хот Казаньд универсиад болно

2013/06/18
Дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” 27 дугаар наадам 2013 оны 7 сарын 6-17-ны өдрүүдэд ОХУ-ын Казань хотноо Олон улсын оюутны спортын холбооны (ОУОСХ) ивээл дор зохион байгуулагдана. Наадамд тив, тивийн 200 орчим орны их, дээд сургуулийн өдрийн ангид суралцдаг 17-28 насны 13,500 төлөөлөгчид, оюутан тамирчид спортын 22 төрөлд, 11 өдрийн туршид 351 багц медалийн төлөө хүч чадал, ур чадвараа сорин  өрсөлдөнө.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Казань хотыг "ОХУ-ын спортын нийслэл хот" гэж албан ёсоор 2012 онд бахархан нэрлэсэн билээ. Татарстаны БНУ-ын хүн амын нийгмийн бодлогод биеийн тамир, спортын асуудал хамгийн чухал үүрэгтэй байдаг. Татарстаны хүүхэд залуучуудыг багаас нь эрүүл чийрэг, бие бялдрын хөгжил сайтай, спортоор хичээллэдэг болгох, түүгээр дамжуулан хүмүүжүүлэх асуудлыг төрийн бодлогын үндсэн хэсэг гэж  чухалчлан үздэг. Татарстан улсын хүн амын биеийн тамир, спортоор тогтмол хичээллэгчдийн тоон үзүүлэлт нь ОХУ-ын хэмжээнд хамгийн өндөрт ордог ба олон улсын түвшинд ойртож яваа ажээ. Энэ улсад хүүхэд бүр ямарваа нэгэн спортоор хичээллэх сонирхол, дуршилтай байдаг гэнэ. Эцэг эхчүүд нь хүүхдийг заавал спортын секц, дугуйланд хамруулан оролцуулж, тэднийг төрөөс нь байнга дэмждэг юм.
Тус БНУлсын спортын багуудын амжилт нь зөвхөн ОХУ-д төдийгүй Европ, дэлхийн түвшинд алдартай. Татарстан улсын Набережны Челны хотод байдаг "Казань-Мастер" авто машины баг тамирчид Парис-Дакар авто ралли уралдааны олон удаагийн аварга болж байсан түүхтэй. Татарстаны Ерөнхийлөгч Р.Н.Минниханов бол авто уралдааны дэлхий аварга хүн юм. Казань хотын хоккейн "Ак Барс" баг нь ОХУ-ын болон Евро лигийн тэмцээний эхний байруудад орж байв. Хөлбөмбөгийн "Рубин" баг нь сүүлийн жилүүдэд Оросын дээд лигт 2 удаа түрүүлж цахиур хагалж байлаа. Казаний сагсан бөмбөгийн "УНИКС" багийг манай спорт сонирхогчид андахгүй мэднэ.  Тэд ОХУ-ын дээд лигт тогтмол эхний 3 байранд орж байдаг юм. Волейболын эрэгтэй, эмэгтэй "Зенит", "Динамо", зүлгэний хоккейн "Динамо”, усны бөмбөгийн "Сентиз” багуудын  нь ОХУ-ын дээд лигийн тэмцээний олон удаагийн аварга ба Европ, дэлхийн лигид амжилттай оролцож, зарим тамирчид нь Лондонгийн 2012 оны олимпийн аварга болсон.
Эдгээр багуудыг ивээн тэтгэх, ажиллуулах бүх талын нөхцлийг Татарстан улс бүрэн хангаж чадсан ба энэ багууд нь Орос ба Татар үндэстэний бахархалыг зүй ёсоор төрүүлж, олон мянган хөгжөөн дэмжигчдийг татдаг ба хүүхэд багуучуудыг спортоор хичээллэхэд нь нөлөөлж байдаг ажээ. ОХУ-ын спортын сайд асан, хоккейн алдарт тамирчин, олимп, дэлхийн аварга В.Фетисов нь  хоккейн “Ак Барс” багийн тамирчидын байнга амьдардаг зочид буудлын байр, бэлтгэлийн танхим, тоглолтын ордон, тренежерийн заал, усан бассейн зэрэг зөвхөн энэхүү багийн хоккейчдод зориулсан байгууламжийг үзэж сонирхсоны дараа АНУ, Канад улсын хойд америкийн мэргэжлийн хоккейн багуудад ийм сайхан байгууламжтай газар байдаггүй хэмээн шүүрс алдаж хэлсэн удаатай юм. Казань хот нь 2015 оны усны спортын төрлүүдийн ДАШТ-ий эрхийг авч бэлтгэлээ хангаж, зохион байгуулахаар бэлтгэж байгаа ба ОХУ-д 2018 онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн болон хагас шигшээ тоглолтууд "Казань Арена" төв цэнгэлдэх хүрээлэнд явагдахаар төлөвлөгджээ. Универсиадын үеэр Казаньд 26 хэм орчим дулаан байх ажээ.                                                             
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш