Уулзалтын эхэнд Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Бурмаа энэ удаагийн Улсын Их Хуралд шинэ тутам байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа тус байнгын хорооны товч танилцуулгыг хийсэн юм. Байнгын хороог ХБНГУ-ын Бундестагийн Өргөдлийн байнгын хорооны жишгээр байгуулж, эхэндээ гуравхан гишүүнтэй байсан бол одоо АН-ын долоо, МАН-ын долоо, эвслийн бүлгийн хоёр нийт 16 гишүүнтэй болсноороо Улсын Их Хуралд хамгийн олон гишүүнтэй байнгын хороо болсныг тэрбээр онцоллоо. Мөн байнгын хороо иргэдийн өргөдлийг онлайнаар авдаг болох асуудлыг судалж байна. Байнгын хороонд ирж байгаа өргөдлийн дөнгөж 37 хувь нь Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамааралтай байгаа нь иргэд ямар асуудлаар, аль шатанд, хаана, хэнд өргөдөл гаргах талаар мэдлэг муутай байгааг харуулж байна гэсэн дүгнэлтийг байнгын хорооны дарга хэллээ. Түүнчлэн Их Хурал дээр хэлцэгдэж байгаа асуудлаар нээлттэй болон хяналтын хэлэлцүүлэг хийх талаар тодорхой мөрдөх журам байхгүй байгаа нь ч нөлөөлж байгаа гэв. Харин Өргөдлийн байнгын хороо орон сууцны 6 хувийн хүүтэй зээлтэй холбоотой хохирогчдын асуудлаар хяналтын хэлэлцүүлэг хийсэн нь үр өгөөж сайтай ажил болсон гэдгийг гишүүн Р.Бурмаа нэмж ярилаа.
Цаашид байнгын хорооны гишүүд, ажилтнуудыг чадавхижуулах, иргэдийн өргөдлийг шуурхай, үр дүнтэй шийдвэрлэх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох тал дээр ажиллах шаардлагатай байгаа ажээ.
Уулзалтад ХБНГУ-ын Бундестагийн Өргөдлийн байнгын хорооны дэд даргыг дагалдан тус хорооны гишүүд болох ноён Клаус Хагеманн, Манфред Нинк, Холгер Крестель, хатагтай Аннетте Шутц нар хүрэлцэн ирсэн байна. Хүндэт төлөөлөгчдийн зарим нь Бундестагийн гишүүн байсан бүх хугацаандаа Өргөдлийн байнгын хороонд ажилласан бол 19 жил гишүүнээр ажиллахдаа 17 жилийг нь мөн хороонд ажиллаж, энэ чиглэлээр чадваржсан, өндөр туршлагатай хүмүүс байгааг танилцуулсан. Тэд Өргөдлийн байнгын хороо нь Парламентад маш чухал үүрэгтэй, үнэхээр их ажиллагаа шаарддаг байнгын хороо байдаг гэдгийг онцолж байлаа.
УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга, тус байнгын хорооны гишүүн С.Одонтуяа Германы төлөөлөгчдөөс хэд хэдэн асуулт асуув. Тухайлбал, манай иргэдийн дунд өргөдөл гомдлоо гаргах соёл төдийлөн төлөвшөөгүй байдгаас шууд гишүүнд хандсан өргөдөл, мөн байр орон сууц, эрүүл мэндийн, сургалтын зардал хүссэн ахуйн чанартай өргөдөл давамгайлах хандлагатай байдаг. Тиймээс Өргөдлийн байнгын хорооны үйл ажиллагааг олон нийтэд таниулж, сурталчлах танай хамгийн сайн арга туршлага юу вэ, мөн Өргөдлийн байнгын хорооны шийдвэрийг Засгийн газар нь хэрэгжүүлэхгүй байгаа тохиолдолд хариуцлагын ямар механизм үйлчилдэг талаар тодорхой хариулт авахыг хүссэн юм.
Бундестагийн гишүүдийн хувьд нэг хатуу зарчим байдаг нь гишүүн бүрийн толгойд гүн суусан байдаг. Юу гэхээр Бундестагийн гишүүд бол хууль тогтоох засаглалыг гартаа барьж байгаа. Бид Засгийн газрыг гуйх ёсгүй. Тиймээс бид намын бүлгүүдээр дамжуулан хүссэн хуулиа батлуулж чаддаг. Танайтай адил бид өргөдөл гомдлын 30 хувийг Засгийн газарт асуудал болгон тавьдаг ч бидний шийдвэрийг Засгийн газар хэрэгжүүлдэггүй зовлон манайд ч бас байна. Гэхдээ Өргөдлийн байнгын хороо бол Засгийн эрхийг аль нам барьж байгаагаас үл хамааран хамгийн их ачаалалтай ажилладаг.
Өргөдлийн байнгын хороог олон нийтэд таниулахын тулд иргэдийн анхаарлын төвд байгаа нэг томоохон асуудлыг амжилттай шийдсэн байхад дорхноо л хүмүүс мэддэг болно. Мэдээж үйл ажиллагаагаа хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр иргэдэд хүргэхийн төлөө ажиллана. Гэхдээ шинэ тутам байнгын хороонд тусгайлсан сурталчилгаа төдийлөн хэрэггүй гэдгийг бидний туршлага харуулсан. Гол нь ажлаа маш сайн хийгээд л байвал аяндаа хүмүүс мэддэг болно.
Мөн Өргөдлийн байнгын хороог олон нийтэд зөв таниулахад “аман мэдээлэл” гэсэн ойлголтыг бид өргөн хэрэглэдэг. Энэ нь гишүүн бүр тойрогтоо, сонгогчидтойгоо ажиллахдаа Өргөдлийн байнгын хорооны тухай богинохон мэдээллийг заавал өгдөг бөгөөд энэхүү мэдээллийг тогтмол хийдэг хэмээн Германы Өргөдлийн байнгын хорооны гишүүд өөрсдийн туршлагаасаа ярилаа.
Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо болон ХБНГУ-ын Бундестагийн Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хамтарсан уулзалтаар ийнхүү харилцан санал солилцож, цаашид илүү өргөн хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэх арга замуудыг эрэлхийлэн ажиллахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.