logo
Тамхи үйлдвэрлэгчид хайрцган дээр тавих анхааруулгыг эсэргүүцэн шүүхэд хандлаа

Тамхи үйлдвэрлэгчид хайрцган дээр тавих анхааруулгыг эсэргүүцэн шүүхэд хандлаа

2011/08/19
Америкийн тамхи үйлдвэрлэгч таван компани  тамхи татах нь эрүүл мэндэд хортой гэсэн утга агуулга бүхий зурган анхааруулгыг тамхины хайрцган дээр тавихыг шаардсан шинэ хуулийг эсэргүүцэн Хүнс, Мансууруулах бодисын хэрэг эрхлэх газрыг шүүхэд өгчээ. Гэхдээ энэхүү хууль хэрэгжиж эхлээгүй байгаа юм. Энэхүү төлөвлөгөө нь үндсэн хуулийн эрхийг зөрчиж байна хэмээн компаниуд үзэж байгаа юм байна.
Хүнс, Мансууруулах бодисын хэрэг эрхлэх газар (FDA) одоогоор үүнтэй холбогдуулан мэдэгдэл хийгээгүй байгаа гэнэ.
Зурган анхааруулгыг 2012 оны есдүгээр сараас эхлэн тамхины хайрцган дээр тавих тухай хуульд тусгажээ.
“RJ Reynolds Tobacco”, “Lorillard Tobacco”, “Commonwealth Brands”, “Liggett Group” болон “Santa Fe Natural Tobacco” компанийн удирдлагууд шинэ хуулийг хэрэгжүүлж эхлэхийг хойшлуулах зорилгоор ийнхүү өнөөдөр шүүхэд хандсан байна.
“RJ Reynolds” компанийн үйлдвэрлэдэг брэнд тамхинууд гэвэл “Camel”, “Winston” юм.
Тамхи үйлдвэрлэгч компаниудын шүүхэд гаргасан 41 хуудас гомдолд тамхины хайрцган дээр хэвлэх шинэ анхааруулга буюу зургууд нь биднийг худалдан авагчдаа хууль бусаар "айлгахад" хүргэнэ гэжээ.
Америкийн хавдрын нийгэмлэгээс мэдээлснээр 2011 онд Америкт 220.000 хүн уушигны хавдартай гэдэг нь оношлогдож магадгүй юм байна. Америкт жил бүр 443.000 хүн тамхидалт хэмээх хорт зуршлаас болж хорвоог орхидог аж. Харин Хятад бол дэлхийн хамгийн том тамхины зах зээл юм. Урд хөршид ойролцоогоор 350 сая хүн тамхи хэрэглэдэг байна.
Э.АМАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш