Говийн их дархан цаазат газрын байгаль хамгаалагчид 5,6-р сард хийсэн мониторинг судалгааны явцад мазаалайн эвш төллөсөн 2 тохиолдлыг тэмдэглэжээ. Тухайлбал: Цагаанбогд уулын Сүүжийн булагт 2013 оны 5 сарын 23-ны өдөр байгаль хамгаалагч Ш.Нямдаваатай энэ жил төрсөн 2 ихэр бамбарууштай эвш булгаас ундаалж байсан, мөн байгаль хамгаалагч Б.Анхбаяр, Н.Алтаншагай нартай 6 сарын 17-нд Атас уулын Богц цагаан дэрсний тэжээлийн цэг дээр нэмэлт хоол тэжээл идэж байсан ихэр бамбарууштай эвш тус тус тохиолджээ.
Эдгээр бамбарууштай эвш тохиолдсон газрууд нь хоорондоо 200 км зайтай орших ба мазаалай хавар ичээндээ 2 сард төллөдөг тул энэ нь нялх бамбаруушууд 4-5 сартайгаасаа эхлэн эхийгээ даган идэшлэн явдаг болохыг харуулж байна.
Мөн байгаль хамгаалагчид энэ хавар Мазаалайн шанд, Цагаан бургас зэрэг 2 газарт өнгөрсөн жил төрсөн 2 настай бамбаруушийн мөр олж тэмдэглэжээ.
Одоогоор Алтайн өвөр говьд бороо ороогүй, гантай байгаа тул дархан газрын захиргаа нэмэлт хоол тэжээлийг үргэлжлүүлэн тавихаар шийдвэрлээд байна.
Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар