Барилга хот байгуулалтын яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хамтран сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Ипотекийн найман хувийн хүүтэй зээлийн журам энэ долоо хоногоос хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой барилгын компаниуд үнээ өсгөж байгаа тухай гомдлууд гараад байгаа юм.
Энэ талаар БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн “Орон сууцны өсөх шалтгаан байхгүй. Учир нь Монгол банктай хамтраад барилгын гол нэрийн материал буюу цемент, арматурын үнийг тогтворжуулах үүднээс барилгын материал импортлогч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн. Энэ зээлэнд нийтдээ 60 орчим компани хамрагдсан. Одоогийн байдлаар барилгын материалын үнэ ханш өмнөх жилүүдтэй харьцуулахад тогтвортой байж чадаж байгаа. Жишээлэхэд цемент нэг тонн нь 130.000-140.000 төгрөг байгаа бол арматур нэг тонн нь 1.140.000 төгрөг байна. Энэ жил нийтдээ сая тонн цемент, 100.000 орчим тонн арматур хэрэглэх тооцоо бий. Үүнээс 660.000 орчим тонн цемент, арматурын 60 орчим хувийг оруулж ирээд байна.
Мөн баригдаж дуусаагүй барилгуудад хөнгөлөлттэй зээл олгосон. 250 гаруй барилгын компанитай уулзаж ярилцаад, зээл авах шаардлагатай компаниудын судалгааг Монгол банкинд хүргүүлсэн. Нийтдээ дээрх компаниудад 900 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай юм билээ. Эдгээрээс 60-70 компанид 230 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Бид эдгээр компаниудад гэрээний үүргээ биелүүлж байгаа эсэхэд шалгалт хийж байгаа. Ингээд нийлүүлэлт хангалттай байна гэж үзсэн учраас ипотекийн зээлийн журмаа батласан. Харин зээл олгож эхэлснээс үүдэж орон сууцны үнэ өслөө гэсэн гомдол гарах боллоо. Иймээс бүх барилгын компаниудад орон сууцны үний судалгаа хийж үзэхэд хүмүүсийн яриад байгаа шиг огцом өссөн гэж харагдахгүй байгаа. Нийтдээ 19 компани үнээ жаахан нэмсэн, 11 компани бууруулсан байна. Хуучин орон сууцны хувьд үнэ нь буурч байгаа тухай мэдээлэл ирж байна гэлээ.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай “Манай газраас 80 метр квадратаас доош хэмжээтэй 56 барилгын компаниудад шалгалт хийхэд долоон компани 100-150 мянган төгрөгөөр үнээ нэмсэн тооцоо гарсан. Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрт оролцож байгаа барилгын компаниуд үнээ нэмсэн бол хариуцлага тооцно. Харин хөтөлбөрт оролцоогүй компаниуд метр квадратынхаа үнийг нэмсэн бол Засгийн газар дараа дараагийн удаа эдгээр компаниудтай хамтарч ажиллахгүй. Бид хуулийн хүрээнд хариуцлага тооцно. Гэхдээ бүгдээрээ нийлж, нэгдээд үнээ өсгөөд байгаа юм алга” гэлээ.
Мөн хуучин байрны үнэ өсч байгаа болон ченжүүд жилийн найман хувийн зээлд хамрагдан орон сууц худалдан авч, буцаад үнэд хүргэж зарах тохиолдол байдаг. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах талаар ШӨХТГ-ын дарга О.Магнай “Хуучин байрны үнэ буурч байгаа гэсэн мэдээлэл байна. 2013-2014 онд 34 мянган айлын орон сууц ашиглалтад орно. Хөтөлбөрийг далимдуулж ченжүүд ашиг орлого олно гэвэл бүтэхгүй. Өмнөх жилүүдэд 13-14 мянган байр ашиглалтад ордог байсан” гэсэн хариулт өглөө.