Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй тул төсвийн гүйцэтгэлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн тухай санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтов.
Байнгын хорооны хуралдаанаар дараа нь Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар нарын нэр бүхий гишүүд Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж өнгөрсөн тавдугаар сарын 29-ний өдөр УИХ-ын даргад өргөн барьсан юм.
Төсөл санаачлагчид Монгол Улсын Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн түүвэр судалгааг 5 жил тутам”, “Хүүхэд хөгжил судалгааг 4 жил тутам” гэсэн заалтыг нэгтгэж “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг 5 жил тутам” гаргаж байхаар хуульд өөрчлөлт оруулахаар төсөлд тусгасан байна.
Хүүхэд хөгжил болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгааг хоёр жилийн зайтайгаар ихээхэн хөрөнгө, хүн хүч, цаг хугацаа зарцуулан явагддаг төдийгүй судалгааны аргачлалын хувьд бараг адил, нийт 49 бүлэг үзүүлэлт тооцдогоос 28 бүлэг үзүүлэлт нь ижил, хоёулаа бүсийн түвшинд үр дүнгээ тархаадаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан дээрх судалгаануудыг нэгтгэж боловсронгуй болгох нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзжээ. Түүнчлэн, Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний дөрөв дэх хөтөлбөрт Нөхөн үржихүйн эрүүл мэнд болон Хүн ам зүй, эрүүл мэндийн нэгдсэн судалгаа явуулахаар заасан нь дээрх судалгаануудыг нэгтгэж уялдуулах бодитой шаардлагыг бий болгож байгаа юм байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй тул төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хэлэлцэхийг дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.