logo
Элчин сайд Х.Даваадоржид Итгэмжлэх жуух бичгээ барьлаа

Элчин сайд Х.Даваадоржид Итгэмжлэх жуух бичгээ барьлаа

2013/06/28

Монгол Улсаас Нидерландын Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Даваадорж 6 дугаар сарын 26-ны өдөр Нидерландын Вант Улсын Цог Жавхлант Хаан Уиллем-Александрт бараалхаж, Итгэмжлэх жуух бичгээ барилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Цог Жавхлант Хаан Уиллем-Александрт халуун дотно мэндчилгээ дэвшүүлж, нидерландын найрсаг ард түмэнд хөгжил дэвшил хүссэнийг Элчин сайд Х.Даваадорж уламжлав.  

Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Цог Жавхлант Хаан Уиллем-Александр Элчин сайд Х.Даваадорж нар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. Цог Жавхлант Хаан Уиллем-Александр Монгол орны талаар сайхан дурсамжтай байдаг гээд олон зуун жилийн соёлын түүхт зүйлсээ сэргээх, олон улсын сонирхлыг татаж буй байгалын нөөц баялагаа хэрхэн ашиглаж байгаа талаар сонирхон асууж байв.

Элчин сайд Х.Даваадорж шинэчлэлийн Засгийн газраас эдийн засгаа төрөлжүүлэх, уул уурхайн салбарын өгөөжийг оновчтой ашиглан хуваарилах, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, дэд бүтцээ хөгжүүлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар товч танилцлуулж, эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд Нидерландын болон бусад орны тэргүүний туршлага, технологи, ноу-хау чухал болохыг тэмдэглэв. Мөн хоёр улсын хоорондын харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологи, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, уул уурхай, байгаль хамгаалал зэрэг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Цог Жавхлант Хаан Уиллем-Александр Элчин сайд Х.Даваадоржид Итгэмжлэх жуух бичгээ барьсанд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш