logo
Нуур байгуулах, хоолой татах ажлаар Австрали улстай хамтран ажиллана

Нуур байгуулах, хоолой татах ажлаар Австрали улстай хамтран ажиллана

2013/06/28
БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд тэргүүтэй ажлын хэсэг Баруун Австрали муж улсын ус хангамж, ариун цэврийн байгууламжтай танилцжээ.  Австрали улс нь нуур байгуулах, хоолой татах ажлаар ихээхэн арга зүй, туршлага, технологийн нөөцтэй орон. Тийм ч учраас  Баруун Австрали муж улсын Сайд Tэрри Рэдмэн манайхантай уулзахдаа  мужийнхаа Их сургуульд Монголоос усны мэргэжилтнүүдийг сургах, сүүлийн үеийн усны судалгаа, усан хангамжийн технологийг Монгол Улсад нэвтрүүлэх боломжтойгоо дуулгаж, хамтран ажиллахаар санал солилцсон байна.

Ус хангамж, ариун цэврийн байгууламж нь 100 жилийн өмнө буюу  1898-1901 онд баригдаж, ашиглалтад оржээ. Тухайн үед далан татаж нуур байгуулан түүнээс 580 км үргэлжилсэн ус дамжуулах хоолой суурилуулж, усаа нутгийнхаа гүн рүү татжээ. Нутгийн гүн рүү хоолой татсанаар жилдээ 28 сая шоо метр ус  117 уул уурхай, 8000 фермерийн аж ахуй, 33 000 ундны болон ахуйн усан хангамжийн байгууламжийг хангаж байна. Байгууламжид нэг жилийн улсын төсөвтэй тэнцэх санхүүжилтийг хийсэн нь өнөөдөр тус орны уул уурхай, фермерийн аж ахуй, газар тариалан, хот суурингийн  ундны найвдартай эх үүсвэр болж байна. Баруун Австралийн хөгжлийн суурь эндээс тавигдсан гэж үздэг тус байгууламж нь усыг дахин ашиглах болон хэмнэлттэй зарцуулах хамгийн сүүлийн үеийн технологиор ажилладаг аж.

Ус багатай ч уул уурхай, мал аж ахуй, газар тариалан хөгжих боломжтой манай оронд Баруун Австралийн нуур байгуулах, хоолой татах үйл ажиллагааг нэвтрүүлэх талаар тус улстай идэвхтэй хамтран ажиллавал хөгжлийн замыг товчлох боломж байгааг ажлын айлчлал хийсэн хүмүүс сэтгэл дүүрэн ярьцгааж байв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш