Их Британийн Лондоны хотын өмнөд хэсэгт амьдардаг хоёр настай хүү Адам Кирби дэлхийн хамгийн залуу сод ухаантнаар нэрлэгджээ. Хүүгийн IQ түвшин зарим улс орны төрийн тэргүүнийхээс ч хавьгүй өндөр гэнэ. Адам одоогоор Шекспирийн алдарт зохиолуудаас уншихын зэрэгцээ япон, испани, франц хэлний цагаан толгойг аль хэдийнэ цээжилжээ.
Хоёр насандаа хүүхдүүд алхаж сурч байдаг бол Адам хүү үржүүлэх үйлдлийг хэдийнэ эзэмшиж, ном дуржигнатал уншдаг гэнэ. Хүүгийн IQ-г Stanford Binet-ийн төвөөс шалгаж үзэхэд 141 оноо авчээ. Энэ нь эдүгээгийн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмероны нарын үзүүлэлтээс ч өндөр юм.
Адам хүүг эцэг, эх нь багаасаа бусдаас эрс ялгарч буйг анзаарч, улмаар оюун ухааныг нь улам хөгжүүлэх тал дээр их анхаарал тавьсан байна. Адамын дүү Итан нь одоо хоёр сартай. Итаныг ч эцэг эх нь оюун ухааны өндөр чадвартай хүн болно гэдэгт эргэлздэггүй аж.
Адамыг сод ухаантнуудын Mensa нийгэмлэгт бүртгэж, дэлхийн хамгийн залуу сод ухаантнаар нэрлэжээ.
Р.Гэгээ