logo
Гэр бүлийн хүчирхийллээс өөрийгөө хамгаалах аргад хүүхдийг сургана

Гэр бүлийн хүчирхийллээс өөрийгөө хамгаалах аргад хүүхдийг сургана

2013/07/02
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах тухай” захирамж гаргалаа. Захирамжаар гэмт хэрэг, захиргааны зөрчлийн статистик  тоон судалгааг үндэслэн  нутаг дэвсгэрийнхээ гэмт хэрэг, зөрчил хамгийн их үйлдэгддэг цэгүүдийг тогтоож камержуулах, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг дүүрэг бүрт байгуулахыг дүүргийн Засаг дарга нарт даалгалаа. Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд заавал хариуцлага тооцох, гэр бүлийн маргаан дунд амьдарч байгаа хүүхдүүдийн эрхийг хамгаалах асуудлыг хороодын Засаг дарга нарт үүрэг болгожээ. 
 
Үүнээс гадна ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэр бүлийн хүчирхийлэл, болзошгүй эрсдлээс өөрийгөө хамгаалах аргад сургах, гэр бүлийн хүчирхийлэл, бусдын зүй бус үйлдлийн талаар багш, нийгмийн ажилтанд мэдээлэл хүргэх чиглэлээр хичээлийн хөтөлбөр боловсруулж, 2013-2014 оны хичээлийн шинэ жилээс дунд сургуулийн сургалтын программд оруулахаар боллоо. Мөн энэхүү захирамжийн хүрээнд гэр бүлд хамгийн ойр байх хэсгийн ахлагч, хорооны нийгмийн ажилтан, орцны жижүүрүүдэд гэр бүлийн хүчирхийллийн талаар ойлголт мэдлэг өгөх сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах юм. Түүнчлэн СӨХ-ны оршин суугчдаас авч байгаа төлбөрийн тодорхой хувийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулдаг байх тухай журмыг боловсруулж мөрдүүлэх, орцны жижүүрийн байрыг амьдрах орчин бус ажлын байр болгох чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш