МХЕГ, Олон улсын санхүүгийн корпораци /ОУСК/-тай хамтран “Бизнесийн хяналтын шинэтгэл” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд өнөөдөр уулзалт зохион байгуулан хүнсний аюулгүй байдлын чиглэлээр гарын авлага, ном, сургалтын киног МХЕГ-т хүлээлгэн өгч байна. Уулзалтанд Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва оролцлоо. Тэрээр “Шинэчлэлийн засгийн газар хяналт шалгалтын улмаас бизнесийн байгууллагад очиж буй дарамтыг аль болох багасгах, хяналт шалгалтын арга хэлбэрийг аль болох боловсронгуй болгох, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, хяналтын байгууллага улсын байцаагчдийн үйл ажиллагааны 70-аас доошгүй хувийг зөвлөн туслах, соён гэгээрүүлэх хэлбэрт шилжүүлэх, хяналт шалгалтыг ил тод байлгах, эцсийн үр нөлөөг сайжруулах талаар онцгойлон анхаарч байгааг бүгд мэдэж байгаа. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах суурь нөхцөл болсон үйлдвэрлэлийн зохистой дадал, эрүүл ахуйн зохистой дадал, хөдөө аж ахуйн зохистой дадлыг үйлдвэрлэгчдийн өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдүүлж хэвшүүлэхийн тулд, тэдэнд энэ талын ойлголт мэдлэг олгох сургалтыг орон даяар өргөн хүрээнд зохион байгуулах нь маш чухал байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын удирдлагууд, улсын байцаагчид, ОУСК-ийнхан ер нь улс орны хэмжээнд энэ хүнсний аюулгүй байдлын чиглэлээр бүгдээрээ маш сайн ойлголтой болоход хууль эрхзүйн орчин нь бий болчихсон. Үйлдвэрлэгчид маань энэ тал дээр анхаарч, бид сургалтыг өргөн хүрээгээр хиймээр байна. Нөгөө талаар эрсдэлд суурилсан хяналтыг бодит утгаар нь хэрэгжүүлж түүнийг баталгаажуулахын тулд хяналтын чиглэл бүрт тохирсон сургалтанд байцаагч нарыг системтэйгээр хамруулах замаар хяналтын шинэ бодлого, арга барилд бэлтгэх явдал нэн ач холбогдолтой. Өнөөдөр МХЕГ-т хүлээлгэн өгч байгаа энэ хүнсний хяналтын байцаагч, үйлдвэрлэгчдэд зориулсан гарын авлага, ном хуулийг хэрэгжүүлж хүнсний аюулгүй байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулах болно гэж үзэж байна” гэлээ.