Хүүхдийн урлан бүтээх төв сүүлийн жилүүдэд өөрийн эзэмшил газраа бусдад алдсаар одоо байшингийнхаа сууриас өөр бараг юу ч үгүй болж хоцорчээ. Хуучин цагт энд пионерийн ордон хэмээн хүмүүс бужигналдаж байдаг байв. Зах зээлд шилжих үеэс авъяаслаг хүүхдүүдийг нэгтгэн “Урлан бүтээх төв” гэх болсон юм. Цэрэндорж гэдэг мундаг ажилсаг буурал багш энэ бүхнийг зангидаж, хүүхдүүдээр янз бүрийн бүтээл урлуулах гэж махийтлаа зүтгэжээ. Одоо тэр бурханы орондоо заларч буй.
Харин газрын луйварчдын сүүлчийнх нь өнөөдөр тус төвийн үүдний шатнаас бусдыг хамж байгаа ажээ. “Хурд” компани гэхээр хүмүүс бүгд мэдэх байх. Хот хөдөөгүй л гай их тарьсан даа, энэ компани. Таван толгойн нүүрсний замд аваар хийлээ л гэдэг. Хотын “А” зэрэглэлийн хамаг өнгөтэй өөдтэй газрыг дээрэмдлээ л гэнэ. Компаниа үүсгэн байгуулсан эзэн Б.Чойжилсүрэн нь УИХ-ын хоёр ч удаагийн сонгуулиар Увс нутагтаа иргэдэд мөнгө тарааж хөгөө дэлгэсэн. Сүүлчийн сонгуулийн булхай нь шүүхээр баахан хэлэлцэгдэж, сонгогчдод тараасан мөнгө нь баримтаар нотлогдсон ч хашир УИХ-д сууж л байна. Мань хүн чоно борооноор гэгчээр гишүүд тангараг өргөхийн өмнөхөн амжаад Ардын намынхаа нөхдөөр дэмжүүлэн сэмхэн тангараг өргөх хүмүүсийн жагсаалтанд өөрийгөө бичүүлж амжсан байсан гэдэг. Тэгээд яалт ч үгүй ид бужигнааны үеэр тангараг өргөж орхисон. Гэтэл Увсад түүний тараасан мөнгийг илчилсэн арав гаруй хүн шударга зарчмын өмнө үнэнч байсныхаа төлөөсөнд өгсөн мөнгийг нь арав нугалаад авчихав. Шүүхийн шийдвэр ч иргэдийн талд гарлаа. Харамсалтай нь тэр УИХ-ын танхимд суусаар. Хэзээ зайлахыг бүү мэд. Гэхдээ нэг сайхан нартай өдөр гарч явж л таараа.
Б.Чойжилсүрэнгийн Хурд” компани хүүхдийн урлан бүтээх төвийн урд талын том талбайг дур мэдэн эзэмших болж буй нь тун хачирхалтай. Тус төвийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Энхтуяа саяхан энэ тухай гомдлоо Нийслэлийн засаг даргад хүргүүлжээ. Тэрбээр “Хурд интернэшнл” компани нь Сүхбаатар дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн урлан бүтээх төвийн урд орших 3724 метр квадрат талбайд гадна тохижилт, цэцэрлэгжилт, автомашины зогсоол хийх ажлыг 2009 онд Нийслэлийн Барилга Хот байгуулалтын төлөвлөлтийн газрын баталсан зураг төслийн дагуу гүйцэтгэж байна. Энэ газар нь Хүүхдийн урлан бүтээх төвийн эзэмшилд багтах бөгөөд 2012 оноос өдийг хүртэл хугацаанд манай байгууллагын эзэмшил газарт тохижилт, цэцэрлэгжилтийн ажил, автомашины зогсоол байгуулах талаар мэдэгдэл, албан хүсэлт огт ирүүлээгүй” гэжээ. Мөн хүүхдийн урлан бүтээх төвийн зүүн урд талын талбайг ч зориулалт бусаар тохижуулж автомашины зогсоол хийсэн талаар өгүүлсэн байна. Тэр бүү хэл “Хурд”-ынхан урлан бүтээх төвтэй бараг залгаа шахуу томоос том зочид буудал бариад дуусч байгаа аж. Тэд тийнхүү “тохижилт” нэрийн дор Хүүхдийн урлан бүтээх төвийн хуучин 5 940 400 төгрөгийн үнэтэй хашаа, хайсыг нь нурааж хаяжээ.
Эндээс харахад “Хурд” компани нь дэндүү дураараа аашилсан байна. Зүй нь гаднах талбайгаа Хүүхдийн урлан бүтээх төв л мэдэх учиртай. Хотын захиргаа үнэхээр гадна орчныг нь хувийн компанийн хүч хөрөнгөөр тохижуулах байсан бол заавал Хүүхдийн урлан бүтээх төвийнхөнтэй урьдчилан ярилцаж шийдэх байв. Гэвч тэгсэнгүй. Шууд л “Хурд”-ынхантай далдуур тохироо хийчихсэн байж. Бүр 2009 онд шүү. Тэр үед хотын захирагчаар олон түмний дунд “Улаанаа” хэмээгдэх болсон өнөөх Ц.Батбаяр ажиллаж байсан байна. Хүүхдийн урлан бүтээх төвийн барилга бол социализмын үед баригдсан “хөгшин” барилга. Хэзээ нэгэн цагт үүнийг нурааж, суурин дээр нь шинээр барилга барьж таарна. Тэгвэл Б.Чойжилсүрэнд энэ цаг хугацааг хүлээх хоорондоо гаднах зай талбайг нь тэр чигээр нь хүч түрэн авах сонирхолдоо хөтлөгдөн ийм увайгүй алхам хийсэн бололтой.
Хүүхдийн урлан бүтээх төвийнхөн үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Аргагүй шүү дээ, анхнаасаа л тэдний эзэмшил газар болсон юм чинь. Тиймээс одоо нэгэнт баригдсан тохижилтын байгууламж, усан оргилуур, авто машины зогсоол зэргийг нь өөрийн эзэмшилд авахыг хүсчээ. Дээр нь эвдэж хаясан хашааны үнийг “Хурд” компаниар төлүүлнэ гэж байна.
Б.Отгонбаяр
WWW.ZONE.MN