logo
Аж ахуйн нэгжүүд тендерийн материалд хариуцлагатай хандахыг үүрэг болголоо

Аж ахуйн нэгжүүд тендерийн материалд хариуцлагатай хандахыг үүрэг болголоо

2013/07/03
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нийслэлийн Засаг Даргын захирамжаар эрх нь шилжиж ирсэн 420 тендерийн сонгон шалгаруулалт хийхээс 163 ажлын гүйцэтгэгч нь шалгарсан, 15 тендерийн үнэлгээ хийгдэх,48 тендерийн материал хүлээн авах, 159 тендерийн баримт бичиг боловсруулах шатандаа явж байна. Худалдан авах ажиллагаа зөвхөн мэргэжлийн байгууллагаас шалтгаалдаггүй, сонгон шалгаруулалтад оролцож байгаа аж ахуйн нэгж, байгууллагаас хамааралтай байдаг. Гэтэл аж ахуйн нэгж, байгууллагууд худалдан авах ажиллагааны жишиг баримт бичигтэй нягт нямбай танилцдаггүй, стандарт шаардлагад нийцүүлэлгүй хайнга, тойм байдлаар ханддаг нийтлэг дутагдал ажиглагдаж байна. Үүнээс болж тендерийн баримт бичиг номер дугааргүй, хагас дутуу, хяналтын төсвөөс хэт зөрүүтэй үнийн санал ирүүлэх, тендерийн хүчинтэй болон баталгааны хугацааг хэт богино тавих, хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлаа хангалтгүй баримтжуулах, сар тутамд төлөгддөг нийгмийн даатгал гэх мэт төлбөрийн зөрүүгээ цэгцлээгүйн улмаас банкны өр зээлтэй болж харагдах зэрэг алдаа дутагдал их байна. Мөн “Барилгын норм ба дүрэм” стандартад нийцээгүй төсөв зохион оруулах, барилгын ажил дээр түрээслэдэг машин механизмын түрээсийн гэрээгээ хавсаргаагүй, түрээсийн гэрээндээ техник, машин механизмын жагсаалтаа оруулаагүйгээс нотлох баримт дутуу гэж тооцогдон, сонгон шалгаруулалтаас хасагдах зөрчил гардаг. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн хэмжээ буюу зээлжих чадамжийн хувьд маш олон компани “судалж, үзэж зээл олгох боломжтой” гэсэн тодорхойлолтыг арилжааны банкуудаас авч ирдэг байна. Зүй нь банк тухайн компани, байгууллагыг судалж үзээд “зээл олгох боломжтой” гэсэн тодорхойлолтыг гаргавал тендерийн баримт бичигт хангалттай нотлох баримт болох ёстой. Тендерийн баталгаа, салбарын агентлагаас олгодог тусгай зөвшөөрлийг хуурамчаар бүрдүүлсэн ноцтой зөрчил хэд хэдэн компани дээр илэрчээ. Ноцтой зөрчил гаргаж, хууль зөрчсөн нь баримтаар батлагдсан аж ахуйн нэгжүүдийн хувьд нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдэх, улмаар дараагийн сонгон шалгаруулалтад энэ тухай тодорхойлолт дагалддаг хариуцлагын систем бүрдэж байгааг анхааруулъя гэж Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш