Энэхүү ажлын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, олон улсын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, үйл ажиллагааг нь уялдуулах, НҮЭМ-ийн эм, хэрэгслийн зах зээлийн эрэлт хэрэгцээг бүхэлд нь хангахад холбогдох талуудын оролцоог нэмэгдүүлэн, хамтран ажиллах, түншлэлийн цаашдын чиг хандлагыг тогтоох зорилгоор Эрүүл мэндийн яамнаас “НҮЭМ-ийн эм хэрэгсэл, түүний дотор ЖСЭХ-ийн хангамжийн тогтвортой байдал ба хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг 2013 оны 6 дугаар сарын 25-ний өдөр зохион байгуулав.
Уг уулзалтад Эрүүл мэндийн яам, НДЕГ-ын эрүүл мэндийн даатгалын газар, ЭМШУИС-ийн Эмзүйн сургууль, Анагаахын сургуулийн эх барих эмэгтэйчүүдийн тэнхим, НҮБ-ийн ХАС, Глобал сан, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг, Монгол дахь Мари Стопсын төлөөлөгчийн газар, Монос фарм трейд ХХК, МЭИК ХК, Азифарм ХХК, “Bayar schering pharma AG” компанийн Монгол дахь төлөөлөгч, Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын төлөөлөл нийт 30 хүн оролцож, НҮЭМ-ийн эм, хэрэгслийн аюулгүй, баталгаатай, тэгш хүртээмжтэй, чанартай үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхэд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагын оролцоог өргөжүүлэх, түншлэлийн цаашдын чиг хандлагыг тогтоох, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцов.
Зөвлөлдөх уулзалтанд оролцогч талууд Жирэмслэхээс сэргийлэх эм, хэрэгслийн хангамжийн өнөөгийн байдал, Засгийн Газрын бодлого ба худалдан авалт, НҮЭМ-ийн тусламж үйлчилгээ ба эм хэрэгслийн хангамжийн талаарх БНТУ-ын туршлага, Монгол Улсын жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгсэл, НҮЭМ-ийн эм, хэрэгслийн хэрэгцээний тооцоо, Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлттэй үнээр олгож буй НҮЭМ-ийн эм хэрэгслүүд ба даатгалаас санхүүжүүлж буй НҮЭМ-ийн тусламж үйлчилгээ, Жирэмслэхээс сэргийлэх эм, хэрэгслийн нийгмийн марктенгийн төсөл, Bayar schering pharma болон Гедеон Рихтер компаны Монголын Улсын эмийн зах зээлд нийлүүлж байгаа ЖСЭХ , цаашдын чиг хандлага сэдвээр илтгэл тавьж, НҮЭМ-ийн эм хэрэгсэл түүний дотор жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслээр тогтвортой хангахад Төрийн, Төрийн бус байгууллагын, Хувийн хэвшлийн байгууллагыг үүрэг оролцоо сэдвээр санал бодлоо солилцов.