logo
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн зөвлөмжийн хэрэгжилтийн талаар зөвлөлдөв

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн зөвлөмжийн хэрэгжилтийн талаар зөвлөлдөв

2013/07/05
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос хагас жил тутам иргэний нийгмийн байгууллагуудтай уламжлал болгон зохион байгуулдаг түншлэлийн уулзалтыг энэ удаа Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран 7 дугаар сарын 3-ны өдөр зохион байгууллаа.

Уулзалт “Хүний эрхийн төлөв байдлын талаарх ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн (UPR) зөвлөмжийн хэрэгжилт, дунд хугацааны тайлагналттай холбогдуулан мэдээлэл солилцож, зөвлөлдөх нь” сэдвээр болж, Засгийн газрын 2011 оны 159 дугаар тогтоолоор баталсан НҮБ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын талаар ГХЯ, ХЗЯ, ХАХНХЯ-наас илтгэл тавив. 

Мөн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн  зөвлөмжийн хэрэгжилтийн асуудлыг ХЭҮК-ийн 12 дахь илтгэлд тусгасан талаараа ХЭҮК танилцуулсан бол UPR Info байгууллагаас гаргасан дунд хугацааны үнэлгээ болон UPR зөвлөмжийн хэрэгжилтийн талаархи өөрийн үнэлгээ, саналаа төрийн бус байгууллагууд танилцууллаа.

Уулзалтын дүнд төрийн байгууллагууд болон иргэний нийгмийн зүгээс олон үнэтэй санал гарсан бөгөөд UPR-ын 126 зөвлөмжийн хэрэгжилтийг сайжруулах талаар засгийн газрын байгууллагууд төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахын чухлыг цохон тэмдэглэв. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш