Баар хэсч, наргиж цэнгэж, согтууруулах ундаа хэт хэрэглэх, мансууруулах бодис хэрэглэх нь охид эмэгтэйчүүдэд эрсдэлтэй байдаг. Ихэнх охид бүсгүйчүүд өөрийгөө хянаж чадахгүй болсон үедээ DATE-RAPE буюу шинээр танилцсан нэгний хүчинд автаж, хүсээгүй секс хийсэн байдаг. Хэн нэгнийг согтоож, эсвэл мансууруулж байгаад секс хийнэ гэдэг бол хүчингийн гэмт хэрэг. Эмэгтэйчүүд хохироод л үлддэг. Харин Израйлийн эрдэмтэд үүнээс сэргийлэх арга сэджээ. Тель-Авивийн их сургуулийн химийн Факультетийн химич доктор Майкл Ёов согтууруулах ундаанд мансууруулах бодис болон элдэв төрлийн согтоох бодис хийсэн эсэхийг шалгадаг илрүүлэгч тестер зохиожээ. Тухайн эмэгтэй мансууруулах бодис илрүүлэгч тестээ биедээ авч явна. Сэжигтэй санагдсан тохиолдолд ууж байгаа зүйлээ тест руу юулэхэд химийн урвал явагдаж, хэрэв мансууруулах бодис илэрвэл мэдрэгч дохио өгдөг байна. Эрдэмтэд биед авч явахад авсаархан, хэрэглэхэд хялбар, үр дүн хурдан үзүүлдэг шалгагч тестер бүтээж, худалдаанд гаргахаар ажиллаж байгаа юм байна. Охид эмэгтэйчүүдийг DATE-RAPE буюу хэн нэгний хүчинд автаж, хүсээгүй секс хийхээс хамгаалсан тестерийг гар утастай холбож бас болох юм байна. Хэрэв мансууруулах бодис ууж байгаа зүйлд нь илрэх юм бол эмэгтэйн гар утсан дээрх дохиолол дуугарч, анхааруулах юм байна. Шинэ бүтээгдэхүүн нэгэнт үйлчилж, мансууруулах бодисыг илрүүлдэг нь батлагдсан учир санхүүгийн асуудлаа шийдэж чадвал ирэх 18 сард багтааж бүтээгдэхүүнээ худалдаанд гаргана гэж химичид үзэж байна.
Shuum.mn
Shuum.mn